-Хөдөө аж ахуйн зориулалтаар машин тоног төхөөрөмж импортоор оруулж ирээд ашиглаж байгаад худалдан борлуулахад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үү?
-Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2008 оны 05 сарын 29-ны өдрийн хуулиар “импортоор оруулж байгаа” хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизмыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн бөгөөд энэ нь дотоодоос худалдан авсан (борлуулсан) нөхцөлд хамаарахгүй. Иймд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч нь уг барааг борлуулахдаа нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна.
-Манай компани өөр нэг компанитай гэрээ хийж үйлчилгээний хөлсийг нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр нэхэмжилсэн боловч тус компани төлбөр шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварыг хассан дүнгээр шилжүүлсэн байна. Одоо манай компани нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа ямар дүнгээр тусгах вэ?
-Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.10-д “Татвар ногдох зүйлийг нэхэмжилсэн, падаан бичигдсэн, үнэ нь төлөгдсөн өдрийн алинаар татвар ногдуулах хугацааг тогтоохын тухайн төрлийн татварын хуулиар тогтооно” гэж заасны дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлд борлуулагч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдсэн, худалдсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг хүлээн авсан, бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хугацааг тооцохоор заасан. Иймд дээрх үйлдлийн аль түрүүнд хийгдсэн хугацаагаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж, төлбөр төлөгчөөс нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг нэхэмжилж авах нь зүйтэй. Танай компанийн нэхэмжилсэн дүнгээс НӨАТ-ын дүнтэй тэнцэх хэмжээний төлбөр дутуу шилжиж ирсэн нь авлага үүсч байна гэсэн үг юм