Дундговь аймгийн төв Сайнцагаан суманд өчигдөр 960 суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо. Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 4 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс “Эрдмийн далай” цогцолбор сургууль хамгийн ачаалалтай нь бөгөөд шинэ сургуульд шилжин ирэгсдийн дийлэнх нь “Эрдмийн далай” цогцолбор сургуулиас иржээ. Шинэ сургууль өдгөө 1-11 дүгээр ангийн 750 хүүхэд, 60 багш, ажиллагсадтай нэг ээлжээр хичээллэж байна. “Монкон” компанийн хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад өгч буй сургууль нь БСШУЯ-ны санхүүжилтээр 4.4 тэрбум төгрөгийн өртөгөөр баригджээ. Энэ онд БСШУЯ-аас тус сургуульд спорт заалыг барих санхүүжилтийг шийдэж өгөхөөр болжээ.