Эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, худалдаа үйлчилгээ, батлан хамгаалахын салбарт үр бүтээлтэй ажиллаж бусдыгаа хошуучилсан зарим хүмүүсийг дүүргийн хөдөлмөрийн аваргаар тодруулж, шагналыг гардуулах арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээнд ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Үйлдвэрлэлийн салбарын аваргаар “Траст трейд” ХХК-ийн хиамны шарагч Ц.Эрдэнэбаяр, Санхүү, эдийн засаг, банкны салбараас 50 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч Д.Дорждулам, эрүүл мэндийн салбараас дүүргийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч М.Саранцэцэг, Нийслэлийн Амгалан амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн эмч Х.Цэцэгдэлгэр нар шалгарсан.
Харин Боловсролын салбарын хөдөлмөрийн аваргаар 64 дүгээр цэцэрлэгийн багш Б.Мөнхжаргал шалгарсан бол соёл урлагийн салбараас Батлан хамгаалах их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн захирал Т.Мөнхтунгалаг, биеийн тамир спортын салбараас Дэлхийн чөлөөт бөхийн аварга, МУГТ С.Цэрэнчимэд, хууль хяналт, хүчний байгууллагаас Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга Б.Ганзориг нар шалгарлаа.
