Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, Баянзүрх дүүргийн зарим иргэдийг төрийн одон медалиар шагнасан юм.
2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 152 дугаар зарлигийн дагуу төр захиргаа, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, батлан хамгаалах, мал болон хөдөө аж ахуй, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Монгол Улсын төрийн одон, медалиар шагнасаныг ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон дүүргийн удирдлагууд гардуулан өглөө.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 8 дугаар хорооны өндөр настан Д.Намжил, 2 дугаар хорооны өндөр настан Ж.Халзан, “Шинэ Монгол” сургуулийн багш А.Батмөнх, “Алтан жолоо” группын санхүүгийн мэргэжилтэн Ч.Гүнсэн нарын долоон хүнийг шагнасан. Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 26 дугаар хорооны өндөр настан Т.Баасанжавыг шагнасныг өнөөдөр гардууллаа.
Алтангадас одонгоор 33 дугаар сургуулийн багш Х.Гулзига, “Үй-цэй” дунд сургуулийн багш Б.Адьяа, 53 дугаар сургуулийн ахмад багш Я.Амид, 5 дугаар хорооны өндөр настан Э.Бат-Амгалан, 97 дугаар сургуулийн захирал Д.Мөнхбат, 44 дүгээр сургуулийн багш Н.Оюунгэрэл, 19 дүгээр хорооны өндөр настан Д.Сайнсүүл, 18 дугаар хорооны өндөр настан Д.Төмөрбаатар, 4 дүгээр хорооны өндөр настан, ахмад холбооны техникч З.Чог нарын 81 хүнийг шагнасныг гардуулан өгсөн юм.
Цэргийн гавьяаны одонгоор 22 дугаар хорооны ахмад хилчин Д.Баатархүү, 13 дугаар хорооны иргэн, бэлтгэл офицер У.Сууринбүрнээбаатар, 16 дугаар хорооны иргэн, бэлтгэл офицер С.Сүхбаатар нарыг шагнасан. Харин Хөдөлмөрийн хүндэт медалиар дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ц.Энхтуяа, Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Г.Золзаяа, “Алтайн түрүү” компанийн захирал Т.Ганхүү, Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын жолооч Г.Ганчулуун, 115 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Гэрэлцэцэг нарын 31 хүнийг шагнасныг гардуулсан.
Дүүргийн өндөр настан Р.Пүрэвжавыг цэргийн хүндэт медалиар, 20 дугаар хорооны иргэн Д.Анхбаяр, Б.Мөнхгэрэл, Х.Туул нарыг шударга журам медалиар тус тус шагнасныг дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа гардуулан өгч, төрийн одон, медалиар шагнагдсан хүмүүст баяр хүргэлээ.
