Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран “Эрсдлээс урьдчилан сэргийлж дотоод хяналтаа сайжруулья” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан Засаг даргын орлогч Т.Батцогт нээсэн бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний томоохон 80 орчим үйлдвэрийн дарга, технологич, дотоод хяналтын ажилтнууд хэлэлцүүлэгт оролцсон юм.
Уг хэлэлцүүлгээр “эрсдэлд суурилсан хяналт шалгалт”, “Үйлдвэрлэлийн эрүүл ахуйн зохистой дадал”, “дотоод хяналт-бүртгэл хөтлөлт”, “хүнсний нэмэлт, хувиргасан амьд организмаас гаралттай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн”, “сав баглаа боодол” зэрэг сэдвээр хэлэлцүүлгийг өрнүүлж, дээрх сэдвүүдийн хүрээнд цаашид сайжруулах арга зам, гарцыг тодорхойлохын тулд багаар ажиллаж, санал бодлоо солилцсон аж.
“Эрсдлээс урьдчилан сэргийлж дотоод хяналтаа сайжруулья” хэлэлцүүлгийн гол зорилго нь хүнсний үйлдвэрүүдийн дотоод хяналт шалгалтаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүнсний аюулгүй байдал, түүнд учрах эрсдэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад анхаарах хүчин зүйлүүдийн талаар мэдлэг олгох, дотоодын хяналтын ажилтнуудын хороонд туршлага солилцох, цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход оршсон байна.
