Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг Дэлхийн эрүүл мэндийн Б хороо буюу Хөтөлбөр, төсөв, удирдлагын хорооны даргаар Австрали, БНХАУ, БНСУ, Шинэ Зеланд, Япон зэрэг бүсийн 33 орны сайд нар санал нэгтэйгээр сонголоо. Уг хороо нь Дэлхийн эрүүл мэндийн ерөнхий хорооны Удирдлага, санхүү, хуулийн асуудлыг хариуцах үүрэгтэй бөгөөд Монгол улсын эрүүл мэндийн сайд Н.Удвал тус хороог даргалах үүргийг хүлээснээр Дэлхийн эрүүл мэндийн ерөнхий чуулганы гишүүн боллоо. Монгол улсын Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ оны 07 дугаар сард АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын тусгай чуулганд "Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах" НҮБ-ын улс төрийн тунхаглалын хэрэгжилт, явцын талаар ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийг төлөөлж тавьсан илтгэл, түүнчлэн Монгол улсад хэрэгжүүлж буй эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн хэрэгжилт нь түүнийг Дэлхийн эрүүл мэндийн ерөнхий ассамблейн Хөтөлбөр, төсөв, удирдлагын хорооны даргаар сонгох гол шалгуур болсон хэмээн танилцууллаа.