Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн шинээр томилогдсон Суурин төлөөлөгч ноён Роберто Бэнес итгэмжлэх бичгээ Гадаад хэргийн Сайд Лу.Болдод 2014 оны 10 дугаар сарын 9-ны өдөр өргөн барилаа.
Роберто Бэнес НҮБ-ын Хүүхдийн санд сүүлийн 15 жил ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд дэлхийн олон оронд хүүхэд хамгаалал болон нийгмийн бодлогын чиглэлээр ажиллаж байсан.
Тэрээр Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчөөр томилогдохоосоо өмнө Иордан улсын Амман хот дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Ойрхи Дорнод, Хойд Африк хариуцсан бүсийн оффисын Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Ингэхдээ НҮБ-ын Хүүхдийн сангийн нийгмийн бодлого, эдийн засгийн дүн шинжилгээ, нийгмийн хамгаалал, тэгш байдал зэрэг асуудлыг хариуцаж байсан.
Роберто Бэнес анх 1998 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн Иннокенти судалгааны төвд судлаачаар орж байсан бөгөөд Баруун болон Төв Африк дахь хүүхдийн наймаа, хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг шийдвэрлэх бодлого дээр ажиллаж байсан. Мөн тэрээр Африкийн Сенегал улсад, Энэтхэгийн далайд болсон Цунамигийн үеэр Индонезийн Банда Аче хотод хүүхэд хамгааллын чиглэлээр, Мексикт Нийгмийн бодлогын ахлах мэргэжилтнээр тус тус ажилласан. НҮБ-ын Хүүхдийн санд орохоосоо өмнө Роберто Бэнес Колумб, Перу зэрэг оронд олон улсын хэд хэдэн төрийн бус байгууллагад бодлогын шинжээч хийж байсан. Тэрээр Олон улсын харилцааны мэргэжилтэй, Хөгжлийн хамтын ажиллагааны магистр цолтой, Итали улсын иргэн юм. Түүний Монгол улсад ирээд зохион байгуулсан анхны арга хэмжээ нь хөгжлий бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахын төлөө "Хүүхдийн төлөө өндөрт нисье" агаарын бөмбөлөг хөөргөх арга хэмжээ байлаа.