Дэлхийн эруул мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 65 дугаар чуулган 10 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотноо эхэллээ.
Чуулганд бүсийн гишүүн 37 улс орны эрүүл мэндийн сайд тэргүүтэй 250 гаруй төлөөлөгчид оролцож байгаа ба чуулганы нээлтэнд Филиппин Улсын Ерөнхийлөгч Бенино Акыно, ДЭМБ-ын Ерөнхий захирлын газрын Гүйцэтгэх захирал Др. Йэн Смит зэрэг өндөр түвшний албан тушаалтнууд оролцож, төлөөлөгчдөд хандан үг хэлэв. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны захирал Др.Шин Ян-Су чуулганыг нээж хэлсэн үгэндээ ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс шинэ болон сэргэж байгаа халдварт өвчний гаралт өндөртэй, SARS зэрэг томоохон халдварын тахлын эсрэг амжилттай хариу арга хэмжээ авч, тархалтыг зогсоож чадсан, нийгмийн эрүүл мэндийн онцгой үеийн бэлэн байдлыг хангах, халдварт өвчний тандалт, эрт илрүүлгийн чиглэлээр туршлага сайтай бүс нутаг болохыг тодотгоод, хэдий туршлагатай ч эбола вирусын тахал эрчимтэй тархаж байгаа энэ цаг үед бүсийн гишүүн улсуудаас урьд урьдынхаас илүү сонор сэрэмж, бэлэн байдлыг шаардаж байгааг анхааруулав.
Тус чуулганд Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлж Эрүүл мэндийн сайд Н.Удвал тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа ба чуулганы хөтөлбөрт тусгагдсан тодорхой асуудлуудаар Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ. Чуулганы эхний өдөр Сайд Н.Удвал ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны захирал Др.Шин Ян-Су, Ерөнхий захирлын газрын Гүйцэтгэх захирал Др. Йэн Смит нартай уулзалт хийж, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг болох архины хортой хэрэглээг бууруулах чиглэлээр Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, арга хэмжээнүүд үндэсний хэмжээнд амжилттай хэрэгжиж байгаа хийгээд 2015 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо Архины хортой хэрэглээг бууруулах асуудлаарх олон улсын хурал зохион байгуулах талаар мэдэгдэж, тус хуралд ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Маргарет Чан, Номхон далайн баруун бүсийн хорооны захирал Др.Шин Ян-Су нар болон ДЭМБ-ын холбогдох мэргэжлийн экспертүүдийг оролцохыг албан ёсоор урилаа.
Чуулганы хоёр дахь өдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал Хөтөлбөрийн гүйцэтгэл (2012-2013)- ийн эцсийн тайланг хэлэлцүүлгийн үеэр үг хэлж, ДЭМБ-ын НДББХ-ноос гишүүн улсуудын хэрэгцээ, хөтөлбөрийн гүйцэтгэлд суурилж төлөвлөлт, санхүүгийн хуваарилалтыг хийж байгааг сайшаав.
Мөн ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Монгол Улсад байгуулагдсан “Шуурхай удирдлагын төв”-ийн үйл ажиллагааг цаашид тогтворжуулах, чадавхийг бэхжүүлэх, Монгол Улс “Улаан бурхангүй Монгол Улс” болсон статусыг тогтвортой барихад Бүсийн төвтэй нягт хамтран ажиллахаа илэрхийлж, ДЭМБ-аас цаашид үргэлжлүүлэн дэмжиж, хамтран ажиллахыг хүслээ.