Жил бүрийн 10 дугаар сарын 01-ныг Ахмадын баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд 10 дугаар сарын бүхлээр нь Ахмадын сар болгон тэмдэглэж байгаа. Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны хувьд 10 дугаар сарын 01-нээс эхлүүлэн дүүргийнхээ ахмадуудад зориулсан олон арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд нөгөөдөр буюу пүрэв гарагт Бөхийн өргөөнд нийт ахмадууддаа зориулсан Хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах юм байна. Уг арга хэмжээний үеэр дүүргийн харьяат 50-80 настануудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг Хаан вальс тэмцээний 2014 оны шилдэг хос бүжигчдэд шагнал гардуулах юм байна.
Хоёр өдрийн турш гурван бүсэд хуваагдаж, 28 хорооны 143 хос ахмад бүжигчид вальс, гурван тамирын уянга, задгай цагаан, хүмүүн төрөлхтөн зэрэг бүжгийн дөрвөн төрлөөр өрсөлдөж 2014 оны аварга хос бүжигчнээр 3 дугаар хорооны иргэн, ахмад настан Д.Нямбаяр, Д.Баасанбаяр нар шалгарсан байна. Харин хоёрдугаар байранд 13 дугаар хорооны иргэн, ахмад настан Ц.Дагва, Б.Наранцэцэг, гуравдугаар байранд 10 дугаар хорооны иргэн, ахмад настан Д.Сүхбаатар, Ц.Цэцэгмаа, тусгай байранд 14 дүгээр хорооны иргэн, ахмад настан Н.Бямбанямжид, Д.Цэцэгээ нар шалгарчээ.
Дашрамд дурдахад, Баянзүрх дүүргийн Ахмадын хороо нь 1988 оны тавдугаар сард байгуулдагдаж байсан бөгөөд эдүгээ 28 хороо тус бүр салбар зөвлөлтэй аж. 2014 оны нэгдүгээр сарын байдлаар Баянзүрх дүүргийн Ахмадын хороонд 24.970 ахмад бүртгүүлжээ. Бүртгэгдсэн ахмад настнуудын 15.000 гаруй нь эмэгтэй, 7500 орчим нь эрэгтэй байгаагаас 100-гаас дээш настай долоон хүн байгаа аж. Харин 91-99 настай ахмад настан 217, 80-99 настай 1.549, 71-79 настай 4.803, 66-70 настай 4123, 55-65 настай 11.764 ахмад настан амьдарч байна.
Мөн тус дүүрэгт 1939 болон 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон 43, баруун хилийн зэвсэгт тулгаралтад оролцсон 10, Хөдөлмөрийн баатар 11, Ардын цолтон 17, Төрийн соёрхолт гурав, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн хоёр, Улсын ударник 9 болон Монгол Улсын гавьяат цолтой 193 ахмад настан амьдарч байна.