2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:
Монгол улсад:
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол
Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Голомтод Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэргэжлийн баг ажиллаж, лабораторийн шинжилгээ болон тархвар судлалын судалгаа хийгдэж байна.
Тус сумын нутгаас агнасан тарваганы мах болон бүүрэгнээс 2002, 2003, 2005, 2009, 2010, 2011, 2012, 2013 онуудад тарваган тахлын үүсгэгч илэрч байсан. Мөн 2002, 2003, 2010 онд тарваган тахлын халдвараар хүн өвчилсөн тохиолдол бүртгэгдэж байсан юм. Энэ бүс нутаг тарваган тахлын өндөр эрсдэлтэй “А” зэрэглэлийн газрын тоонд ордог.
Байгал орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны а/61 тоот “Агнуурын зарим амьтныг агнах, түүхий эдийг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хорих тухай” тушаалаар тарвага агнахыг 3 жилээр хориглосон учир тарвага агнахгүй байхыг нийт ард иргэдэд анхааруулж байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Дэлхий дахинд:
Эбола вируст халдвар Африкийн улс орнуудад
2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Гвиней, Либери, Сьерре-Леон, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Конго Улсад нийт 7562 хүн Эбола вирусын халдвараар өвчилж, 3482 (46%) хүн нас барсан байна. Одоогоор нийт 1669 ойрын хавьтлыг бүрэн илрүүлж, хяналтад авсан бөгөөд бусад хавьтлын судалгаа хийгдэж байна. Либери, Гвиней улсад шинэ тохиолдлын тоо бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: www.who.int
Шуурхай удирдлагын төв