Жил бүрийн 10 дугаар сарын 01-ныг Ахмадын баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд 10 дугаар сарын бүхлээр нь Ахмадын сар болгон тэмдэглэж байгаа. Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны хувьд 10 дугаар сарын 01-нээс эхлүүлэн дүүргийнхээ ахмадуудад зориулсан олон арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Үүний нэг нь дүүргийн харьяат 50-80 настануудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Хаан вальс” бүжгийн тэмцээн юм.
Энэ жилийн “Хаан вальс” бүжгийн тэмцээнд 28 хорооны 143 хос ахмад бүжигчид вальс, гурван тамирын уянга, задгай цагаан, хүмүүн төрөлхтөн зэрэг бүжгийн дөрвөн төрлөөр өрсөлдөж аваргаа шалгарууллаа. Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээний 2014 оны аварга хос бүжигчнээр 3 дугаар хорооны иргэн, ахмад настан Д.Нямбаяр, Д.Баасанбаяр нар шалгарсан байна. Харин хоёрдугаар байранд 13 дугаар хорооны иргэн, ахмад настан Ц.Дагва, Б.Наранцэцэг, гуравдугаар байранд 10 дугаар хорооны иргэн, ахмад настан Д.Сүхбаатар, Ц.Цэцэгмаа, тусгай байранд 14 дүгээр хорооны иргэн, ахмад настан Н.Бямбанямжид, Д.Цэцэгээ нар шалгарчээ.
