Дэлхийн багш нарын 20 дахь өдөр, Монголын багш нарын 48 дахь өдрийн баяраар Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Боловсролд ээлтэй Засаг дарга” өргөмжлөлөөр шагнагдсан юм. Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын санаачилсан “Боловсролд хөрөнгө оруулья” уриалгат ажлын хүрээнд тус салбарын чанарын шинэчлэлийн хүрээнд сургууль, цэцэрлэгүүдийн бие даасан бүтээлч үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжиж, багш, хүүхэд бүрийг хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд анхаарлаа хандуулан ажилласан бүтээлч ажлыг нь үнэлж, ийнхүү Боловсролд ээлтэй Засаг даргаар тодруулж байгаагаа Нийслэлийн Боловсролын дарга өгүүлсэн.
Баянзүрх дүүрэгт төрийн өмчит ерөнхий боловсролын 21 сургууль, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 18 сургууль, насан туршийн боловсролын 1 төв байдаг бол төрийн өмчит 31цэцэрлэг, хувийн өмчит 100 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тус дүүрэг нийт 28 хороотой бөгөөд өнөөдрийн байдлаар зургаан хороонд төрийн өмчит цэцэрлэг, найман хороо төрийн өмчит сургуульгүй байгаа аж.
2014-2015 оны хичээлийн жилд сургуулийн насны буюу 6-17 насны 44.568 хүүхэд сургуульд суралцаж байгаа бол цэцэрлэгийн насны буюу 2-6 насны 24.615 хүүхэд амьдарч байгаагийн 67 хувь буюу 16.598 хүүхэд цэцэрлэгт хамрагдаад байгаа юм байна.
Засаг дарга Д.Пүрэвдаваа, “Баянзүрх дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн нийт 40 сургуульд 2112 багш, 1095 ажилтан ажилчид, 131 цэцэрлэгт 725 багш, 987 ажилтан ажилчид ажиллаж байна. 2014-215 оны хичээлийн жилд Нийслэлээс эрх шилжин ирсэн хөрөнгө оруулалтаар 3, 115, 58, 32 дугаар цэцэрлэг, 84, 111 дүгээр сургуулийн их засварын ажлыг 408.700.000 төгрөгийн өртөгтэйгээр хийсэн байна. Мөн 33 дугаар сургуульд усан бассейн бүхий спорт заал барихаар төлөвлөн ажиллаж байна. Дүүргийн 4,7,21,28 дугаар хороонд 2013 оны орон нутгийн хөгжлийн сангийн 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий хийцийн дөрвөн цэцэрлэг барин ашиглалтад оруулж эхэлж байна. Мөн 2015 онд дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын саналд хэд, хэдэн сургууль, цэцэрлэгийн их болон дээврийн засварын ажлыг оруулж, 14 дүгээр сургуулийн хуучин барилгыг нурааж, шинээр барих ажлын саналыг Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Боловсролын яаманд хүргүүлээд байна.
Дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээнийг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын биеийн тамир спорт сонирхогчдын холбоотой хамтран зохион байгуулсан. Лигийн тэмцээнд нийслэлийн тэргүүний 33 дугаар сургуулийн эрэгтэй шигшээ баг, дүүргийн тэргүүний 87 дугаар сургуулийн эмэгтэй шигшээ багийн тамирчид түрүүлсэн. Лигийн тэмцээнд түрүүлсэн эрэгтэй эмэгтэй баг тамирчид Польшийн Плоцк хотын шигшээ багийн тамирчидтай нөхөрсөг тоглолт хийн 33 дугаар сургуулийн тамирчид хожсон. Мөн Плоцк хотын Мон-пол клубын тэргүүн тус клубын хүндэт шагнал болох "Мөнгөн чоно", “Хүрэл чоно” шагналаар нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Баясах, 33 дугаар сургуулийн захирал Н.Энхбат, 87 дугаар сургуулийн захирал Б.Энхбат нарыг шагнасан билээ. Энэ тэмцээн уламжлал болон цаашид зохион байгуулагдах болно” хэмээлээ.
