“Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх” зүүн бүсийн чуулга уулзалт Дорнод аймагт боллоо Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн С.Амарзаяа болон ХӨСҮТ-ийн албаны бусад хүмүүс Дорнод аймагт ажиллалаа.
Эрүүл мэндийн яамны “Бүтээлч үйл ажиллагаа”-ны хүрээнд “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх” зүүн бүсийн чуулга уулзалтыг Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгуулсан юм. Уг чуулга уулзалтад Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн байгууллагын ажилчид зэрэг 80 гаруй төлөөлөгч оролцож, халдварт өвчний өнөөгийн байдал, БЗДХ, ХДХВ/ДОХ-оос хэрхэн урьдчилан сэргийлэх, халдварт өвчинтэй тэмцэх туршлага, тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар зөвлөлдлөө.
Уг уулзалтыг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа хэлсэн үгэндээ, халдварт өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтуудад тусгасан бөгөөд хэрэгжилтийг хангахад ихээхэн хүчин чармайлт тавин ажиллаж байгааг онцлоод Мянганы хөгжлийн зорилтуудын 4-р зорилтын хүрээнд нэг хүртэлх насны хүүхдийн улаанбурханы эсрэг дархлаажуулалтын хамралт тогтмол 90 хувиас дээш байж, нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулахад чухал хувь нэмэр болж байгааг тэмдэглэв.
Мөн тэрээр, “Бэлгийн замын халдварт өвчин, ХДХВ/ДОХ, сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, олон салбарын оролцоог нэмэгдүүлэх талаар салбарын яам анхаарлаа хандуулан ажиллаж байна. Сүрьеэгийн тархалтыг бууруулах талаар авсан арга хэмжээний үр дүнд нааштай хандлагууд гарч байгаа ч өвчлөлийн түвшин аймаг, хотуудад харилцан адилгүй байна. Сүүлийн таван жилийн дунджаар улсын хэмжээнд халдварт өвчний 40,739 тохиолдол буюу 10,000 хүн амд 146 тохиолдол бүртгэгдсэн байна. 21 аймагт бүртгэгдсэн өвчлөлийн 21 хувь нь зөвхөн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад бүртгэгдсэн нь харьцангуй өндөр үзүүлэлт юм. Ялангуяа бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ, амьсгалын замын халдвар болон мал амьтнаас хүнд халдварладаг бруцеллёз, боом, хачигт боррелез, рикеттсиоз зэрэг зоонозын халдварт өвчний өвчлөл их байна. Иймд Эрүүл мэндийн яам өөрийн “Бүтээлч үйл ажиллагаа”-ны хүрээнд “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх” зүүн бүсийн чуулга уулзалтыг санаачлан зохион байгуулж байна” хэмээгээд оролцогчдод амжилт хүсэв.
Сүүлийн 10 жилийн халдварт өвчний байдлыг тав, таван жилээр харьцуулан судалж үзэхэд улсын хэмжээнд 10,000 хүн амд харьцуулсан үзүүлэлтээр өмнөх 5 жилд /2004-2008 онд/ 160.0, сүүлийн 5 жилд /2009-2013/ онд 146.0 болж буурчээ. Бүтцээр нь авч үзвэл сүүлийн 5 жилд дунджаар 30 гаруй төрлийн халдварт өвчний 40,000 орчим тохиолдол бүртгэгдсэн байгаа бөгөөд 40 гаруй хувийг БЗДХӨ, 20 орчим хувийг амьсгалын замын өвчин , 10 орчим хувийг сүрьеэ өвчин эзэлж байна.
Мөн сүүлийн 5 жилд гахай хавдар 4.9, мөөгөнцөр 4.6, тэмбүү 4.1, салхинцэцэг 3.0 промиллоор тус тус нэмэгдсэн байна. Халдварт өвчний өвчлөлийн байдлыг аймаг, хот, бүс нутгаар нь авч үзвэл Зүүн бүс / Дорнод, Хэнтий, Сүхбаатар/-д нийт халдварт өвчин болон, БЗДХ, сүрьеэ хүний бруцеллёз сүүлийн жилүүдэд хачигт халдвар, тарваган тахал, галзуу, боом өвчин нэмэгдэх хандлагатай байна.
Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбат:
- Манай аймаг 75 гаруй мянган хүн амтай. Хилийн боомт олонтой, шилжилт хөдөлгөөн ихтэй аймгийн нэг. Энэ ч утгаараа бэлгийн замын халдварт өвчний гаралт буурахгүй байгаа. 2013 онд бид 20 сая төгрөгийг шийдэж, халдварт өвчинтэй тэмцэхэд зарцуулсан. Тодорхой үр дүнд хүрсэн гэж үзэж байгаа. Цаашдаа орон нутгийн төсвийн хөрөнгөөр хуваарилалт хийхээр төлөвлөж байгаа. Хүн амынхаа эрүүл мэндийн төлөө хөрөнгө оруулалт хийнэ. Эрүүл саруул ирээдүйг бэлтгэхийн төлөө зөв шийдлийг эрэлхийлж ажиллаж байна. Одоо л ажиллахгүй бол оройтно.
Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Х.Хулан:
- Дорнод аймаг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бусад аймаг болон улсын дунджаас бэлгийн замыйн халдварт өвчний тархалт 2,5 дахин өндөр байна. Ихэвчлэн 16-35 насныхан илүү өртөмтгий байдаг. Хамгийн сэтгэл зовниулж байгаа нь тэмбүү өвчин байна. Өнгөрсөн жил манай аймагт төрөлхийн тэмбүүтэй 4 хүүхэд төрсөн. Хүнд үзүүлэлт л дээ. Бэлгийн замын халдварт өвчин их байх тусам төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрдөг нь статистик үзүүлэлтээс харагддаг. Ер ДЭМБ-аас төрөхийн тэмбүү өвчнийг таслан зогсоох ёстой гэж үздэг. Гэвч бодит байдал дээр гарсаар байна. Бид бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулахад маш олон ажлыг хийж байна.
Тухайлбал, Аймгийн Засаг даргын А97 тоот захирамжаар бэлгийн замын халдварын эрт илрүүлгийн үзлэгийг кампаничилж хийж байна. Одоогийн байдлаар 5000 гаруй хүнийг хамруулаад байна. Илрүүлэлт сайн байгаа учраас халдварт өвчний тоо нэмэгдэж байгаа. Энэ илрүүлэг үзлэгийг таван жилийн турш тасралтгүй хийхээр төлөвлөж байна. Үзлэгээр илэрсэн өвчлөл бүрийг давхар эмчилж байгаа учраас бид бэлгийн замын халдварт өвчний тархалтыг бүрэн хянаж, бууруулж чадна. Түрүү жил аймгийн Засаг дарга Орон нутгийн хөгжлийн сангаас 20 сая төгрөг төсөвлөж өгч, 20 гаруй мянган хүнийг илрүүлэг үзлэгт хамруулсан. Энэ жил төсөвт суугдаагүй ч нөөц бололцоогоороо ажлаа үргэлжлүүлсээр байгаа. Сумдын хувьд халдварт өвчин хариуцсан эмч, мэргэжилтнээр дутмаг байдаг.
Мөн бид биеэ үнэлэгчдийг шинжилгээ, үзлэгт байнга хамруулах тал дээр төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг. Таван хилийн боомттой учраас шилжилт хөдөлгөөн, ажилгүйдэл, ядуурал, архидалт ихтэй байгаа нь бэлгийн замын халдварт өвчин гарах нөхцлийг бүрдүүлж байна. Энэ удаагийн бүсийн чуулга уулзалт энэ асуудлыг шийдвэрлэхэд чухал үр дүн үзүүлэх байх гэдэгт итгэлтэй байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
- Халдварт өвчний гаралтыг бууруулахын тулд мэргэжлийн эмч, мэргэжилтний багийг тогтмол ажиллуулах хэрэгтэй. 75,000 хүн ам гэдэг маш том тоо. Гэтэл энд халдварт өвчин хариуцсан 2 мэргэжилтэн ажиллаж байгаа нь хаанаа ч хүрэхгүй байна. Хамгийн багаар бодоход 10 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллах ёстой. Эрүүл мэндийн салбар дангаараа зүтгэх нь үр дүн муутай учраас аймаг, орон нутгийн удирдлагууд хамтран ажиллах нь чухал. Орон нутгийн зүгээс эмчилгээ, оношилгоонд шаардлагатай төсвийг гаргаж, чанартай оношлуураар хангах хэрэгтэй. Гурван аймгийн асуудал хариуцсан эмч нар зөвлөлдөж байгаа учраас орон нутагт тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам, салбар хоорондын хамтын үйл ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, иргэдийн оролцоо, хүн амд хандсан мэдээлэл харилцаа холбоо зэрэг олон асуудлыг хэлэлцэж, зөвлөмж гаргана. Тиймээс дараа дараагийн жилүүдэд өвчлөл буурсан үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяа:
- Бэлгийн замаар дамжих халдвар гэдэг өөрөө ямарваа нэгэн вирусын халдвар шиг дэгдэлт гардаггүй. Хувь хүний өөрийнх нь эрсдэлт хүчин зүйлээс шалтгаалдаг. Биеэ үнэлэгч, амьдралын буруу хэвшилтэй хүмүүсээс болж энэ өвчин далд хэлбэртэй явагдаж байдаг учраас илрүүлэхэд төвөгтэй. Бэлгийн замын халдварт өвчнийг бууруулахад иргэдийн оролцоо хамгийн чухал үүрэгтэй. Жишээлбэл, хүн ханиад хүрэхээрээ хамгийн түрүүнд эмчид ханддаг шиг бэлгийн замаар дамжих халдвар гэр бүлийн үнэн байдал, баталгаатай холбоотой учраас тэр бүр эмчид хандаад байдаггүй. Ялангуяа өсвөр насны охид, хөвгүүдэд энэ талын мэдээллийг сайн өгөх хэрэгтэй.
Манай аймгийн хувьд иргэдэд, өсвөр насныханд мэдээлэл өгөх, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд маш их анхаарч, ажиллаж байгаа. “Ирээдүйн босго”, “Итгэлт ирээдүй” зэрэг төрийн бус байгууллага, эх баригч, бага эмч нараар сайн дурын идэвхтэнгүүдийг бэлтгэж байгаа. Мөн сумдын ахлах ангийн сурагчдаас үе тэнгийнхэндээ илүү нөлөө үзүүлж байгаа хүүхдүүдийг сонгон авч мэдлэг өгөх сургалтыг зохион байгуулж байна. 2009 онтой харьцуулахад Сүхбаатар аймгийн хэмжээнд халдварт өвчин буурсан. Хүн ам руугаа чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрт илрүүлгийн ажил идэвхижсэн болохоор өвчлөл өндөр мэт харагдаж байгаа. Энэ бол нэг талаараа сайн үзүүлэлт. Бид 2009 оноос хойш аймгийн удирдлагуудтай хамтран жил бүр дөрвөн сумын иргэдийн 70 хувь нь тогтмол үзлэг хийж байгаа. 2013 онд 11 гаруй мянган хүнд үзлэг хийсэн байна.
Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Ганболд:
- Халдварт өвчин манай аймгийн хувьд гол тулгамдаж байгаа асуудлын нэг. Ялангуяа бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ, бусад халдвар өндөр байгаа. Өнгөрсөн 02 дугаар сараас эхлэн аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг бүх суманд системтэйгээр зохион байгуулж байгаа. Илрүүлэлт хэдий чинээ сайн байна төдийн чинээ үр дүн сайтай байдаг. Бэлгийн замаар дамжих халдвараар 15-35 насныхан илүүтэй өвчилж байна. Зүүн аймгууд шилжилт хөдөлгөөн ихтэй, уул уурхай байдаг нь өвчний тархалтад нөлөөлж байна. Сругалт сурталчилгааны ажлыг түлхүү хийж байна. 16 гаруй мянган хүн амд үзлэг шинжилгээ хийсэн. Нийт халдварын 30 гаруй хувийг бэлгийн замын өвчин эзэлсэн. Ялангуяа төрөлхийн тэмбүү нэмэгдэх хандлагатай байгаа. Тиймээс бид энэ талын мэдээ, мэдээллийг иргэдэд өгөх тал дээр ажиллаж байна.