НЭМҮТ-өөс “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд оюутны эрсдэлт зан үйлийг бууруулах, эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор цуврал хичээлүүдийг оюутны дотуур байруудад явуулсан. Сургалт 09 дүгээр сарын 10-22-ны хооронд үргэлжилж, оюутны байранд 19-21 цагийн хооронд буюу оюутнууд дотуур байрандаа байх боломжит цаг хугацаанд тулгуурлан явуулжээ.
Энэхүү хичээлийг НЭМҮТ-ийн мэргэжилтнүүд, ХӨСҮТ, СЭМҮТ, ЦССҮТ, Мари Стопс олон улсын байгууллагын эмч нартай хамтран зохион байгууллаа. Сургалтыг оюутнуудын дунд тохиолддог түгээмэл өвчлөлд тулгуурлан бэлгийн замын халдварт өвчин, гэр бүл төлөвлөлт, архи тамхины хор хөнөөл түүний талаарх түгээмэл буруу ойлголт, зөв зохистой хооллолт, үе тэнгийн дарамт шахалтаас өөрийгөө хамгаалах чадвар, стресс менежмент, цусны донорын талаарх ойлголт зэрэг сэдвүүдээр явуулсан. Хаалтын хичээлээ МУИС-ийн оюутны IV-р дотуур байранд Мари Стопс олон улсын байгууллагын эмнэлэг эрхэлсэн дарга Д.Энх-Оюун “Гэр бүл төлөвлөлт, Жирэмслэхээс хамгаалах эм хэрэгсэл, БЗХӨ, БЗДХ, ДОХ”, ЭМЯ-ны харъяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн нийгмийн ажилтан Д.Дулмаа “Цусны донор” сэдвээр тус тус сургалт явууллаа.