“Архины хортой хэрэглээг бууруулах” үндэсний хоёр дахь хөтөлбөр төслийн хэлэлцүүлгийг нийгмийн бүх түвшинд зохион байгуулах хуваарийн дагуу 09 дүгээр сарын 22-ны өдөр НЭМҮТ-ийн Сургалтын танхимд Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдээс өндөр настнуудын төлөөлөл хүрэлцэн ирж, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Өндөр настнууд дөрвөн багт хуваагдан хөтөлбөрийн төсөлтэй танилцаж, өөр өөрийн саналыг дэвшүүлсэн юм.
Тэдний гаргасан саналуудаас онцлон дурдвал:
- Дүүрэг хороо бүр архины хамааралтай иргэдийн дунд судалгаа явуулж, судалгаанд үндэслэн “халамжлан хүмүүжүүлэгч”-ийн үүрэг хүлээсэн ахмадын бүлэг байгуулах, архинаас гаргасан хүний тоогоор ахмадуудад тодорхой урамшуулал олгох,
- Согтууруулах ундаа үйлдвэрлэгчийг УИХ-ын гишүүнээр сонгохгүй байх,
- Согтууруулах ундааны градусыг харгалзан татварыг өндөр болгох,
- Согтууруулах ундааны хортой хэрэглээг бууруулахад хувь хүмүүс, иргэдийн оролцоог бодитой болгох механизмтай болох зэрэг хэд хэдэн чухал саналыг дэвшүүлж байлаа.