Эрүүл мэндийн хөгжлийн төвийн /ЭМХТ/ захирал Ч.Бат-Эрдэнэ, Ерөнхий нягтлан бодогч Б.Очир, нягтлан бодогч С.Лхагвасүрэн, ЭХЭМҮТ-ийн нярайн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ч.Наранцэцэг нар энэ сарын 16,17-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийлээ.
Хяналт, үнэлгээний баг Эрүүл мэндийн газар, НЭМТ, аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Гос-хот”, “Энэрэлт-наран”, “Амин-Холбоо” зэрэг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, сургалт, сурталчилгааны материал, төсөв санхүүгийн зарцуулалтын байдлыг хянаж, дараах зөвлөгөөг өглөө.
Үүнд:
• Энэхүү арга хэмжээ нь ӨЭМТ, СЭМТ-д үзүүлж байгаа өрх, иргэдэд хүрч үйлчлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүрээг өргөтгөж, НЭМ-ийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны арга хэлбэрийг боловсронгуй болгох, улмаар санхүүгийн эх үүсвэр, төсвийг оновчтой, зөв зарцуулах арга зүйд удирдлагууд суралцах, зэрэг өргөн хүрээний ач холбогдолтой гэдгийг ойлгож, үйл ажиллагааг зөв зохион байгуулах,
• “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний санхүүжилтийг “Сангийн хөрөнгө хуваарилах тухай” Эрүүл мэндийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 162 дугаар тушаалыг баримталж хийх. Ингэхдээ сургалт, сурталчилгааг хийж байгаа эмч, мэргэжилтнүүдийн ажлын үр, дүн, бүтээмжийг харгалзаж, урамшуулал олгох,
• “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээнд оюутан залуус, эрүүл мэндийн сайн дурын ажилтнууд, ахмад настнууд зэрэг нийгмийн боломжит бүх нөөцийг ашиглаж, тэднийг татаж оролцуулах, эрүүл мэндийн зөв хэвшил, дадалтай, тэр нь өөрийн эрүүл мэндэд нь сайн нөлөө үзүүлсэн хүмүүсийн туршлага, мэдээллийг бусдад түгээх, дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах зэргийг тусгажээ.
Хяналт, үнэлгээний хүрээнд нярайн тусламж үйлчилгээ, нярайн эндэгдлийн байдалд судалгаа хийгдсэн бөгөөд дүгнэлт, зөвлөмж нь хараахан гараагүй байна.
ЭМХТ-ийн захирал Ч.Бат-Эрдэнэ иргэдэд зориулсан эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны хэвлэмэл материал, “Эрүүл мэндийн довтолгоо”-ны тайлан мэдээ, гэрээ гаргалт, бичиг хэргийн эмх цэгц, төлөвлөлт зэрэг зохион байгуулалтын зарим үйл ажиллагааг сайн гэж үнэлсэн байна. Мөн санхүү төсвийн зарцуулалтад гарсан зарим дутагдлыг засах, дотоодын хяналтыг сайжруулах, үйл ажиллагааг чанартай хийж, эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өглөө.