Өглөөний цай хамт ууж ажил байдлаа чөлөөтэй хэлэлцэх зорилгоор өнөөдөр/2014.09.18/ ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар зарим аймгийн Засаг дарга нарын орлогчдыг хүлээн авч уулзлаа.
Тус чөлөөт уулзалтын үеэр Эрүүл мэндийн салбарт баримталж буй бодлого, чиглэл, үйл ажиллагааны явц, төлөв байдлын талаар мэдээлэл өглөө. Мөн ЭМЯ-ны төлөөллүүд орон нутагт тулгамдаж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүн амд зонхилон тохиолдож буй өвчлөлийн талаар мэдээллийг өгч, санал солилцов.
Орон нутагтаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг хайж, үйл ажиллагаагаараа “Жишиг аймаг” болох хөдөлгөөнийг өрнүүлж, бусад аймгууддаа үлгэр дууриалал болох ажлыг зохион байгуулах талаар хүрэлцэн ирсэн төлөөллүүд мэдэгдэж байлаа.
Уулзалтад Говь-Алтай аймгийн ЗД-ын орлогч Д.Батсайхан, Дорноговь аймгийн ЗД-ын орлогч Б.Төмөрхуяг, Булган аймгийн ЗД-ын орлогч Д.Чимгээ, Дундговь аймгийн ЗД-ын орлогч Н.Мэндсайхан, Баян-Өлгий аймгийн ЗД-ын орлогч Н.Санатбек, Архангай аймгийн ТГ-ын мэргэжилтэн Б.Болормаа нар хүрэлцэн ирсэн юм.