“Хүүхэд хөгжил 2014” цугларалтанд оролцсон төлөөлөгчид Дундговь аймгийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсийн дэргэдэх “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын үйл ажиллагаатай танилцаж урлагийн тоглолт үзэж сонирхлоо. 2008 онд байгуулагдаж байсан тус театр өнгөрсөн оноос бие даасан театр болж, үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус театр дэргэдээ хөгжим, бүжиг, дуу, драмын гээд найман төрлийн дугуйлан хичээллүүлэн хүүхдүүд үнэ төлбөргүйгээр суралцан, авъяасаа хөгжүүлж, театрынхаа уран бүтээлчид болж явдаг байна. Ардын язгуур урлаг, амаар аялгуулан хэлэх, ерөөл, магтаалч болох авъяастай хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлж, язгуур урлагийн өв соёлыг тээж явах нь театрын гол зорилго юм байна. “Тэнгэрийн тэмдэг” театр анх байгуулагдахдаа Төрийн шагналт зохиолч Д.Төрбатын зохиол “Тэнгэрийн тэмдэг” жүжгээр “Гэгээн муза” уралдааны гран при шагнал авч байсан түүхтэй.