Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалын дагуу жил бүрийн 09 дүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгосонтой холбогдуулан Сонгинохайрхан эрүүл мэндийн нэгдлээс “Эрүүл оюутан – Эрүүл ирээдүй” уриатай аянг зохион байгуулж, Монос дээд сургууль дээр нээлтээ хийлээ.
Уг нээлтийн үеэр СХД-ийн Засаг даргын Тамгын газар, тус дүүргийн Боловсролын төв, Эрүүл мэндийн нэгдлийн удирдлагууд оролцсон юм.
Аяны хүрээнд Ач анагаах ухааны дээд сургууль, Монгол фермер, Чингис Соосэ дээд сургууль, Мандах бүртгэл дээд сургууль, Шинэ анагаах ухааны дээд сургуулиудад өдөрлөг зохион байгуулагдсан бөгөөд оюутнуудын дунд эмэгтэйчүүд /охид эмэгтэйчүүд/, чих хамар хоолой, БЗХӨ-ний үзлэг шинжилгээ хийгдэх ажээ.
Мөн эрсдэлт зан үйлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт сурталчилгааг явуулах үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байна.
Аяны хүрээнд дээрх сургуулиудаас гадна СХД-т оршин суугаа бусад их дээд сургуулийн болон хөдөө орон нутгаас ирсэн оюутан залуус, өсвөр үеийнхэн бүгд энэхүү арга хэмжээнд хамрагдах бүрэн боломжтой. Тодруулбал, Өсвөр үе ирээдүйн босго, зөвлөл поликлиникийн 214 тоот кабинет, амбулатори 1,2,3-т нарийн мэргэжлийн кабинетууд, ЭХО, рентген, лаборторийн шинжилгээнд хамрагдах боломжтой ажээ.