Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Худалдаа үйлчилгээний хэлтсээс санаачлан “Дэлхийн зөн” Олон улсын байгууллага, “Амгалан-Цогц хөгжил” ТББ, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих “Баянзүрх-нэг зүрх” төв, Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд “Баянзүрх баян иргэн- Иргэдийн оролцоо-II ” сэдэвт үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.
Үзэсгэлэн худалдаанд “Амгалан цогц хөгжил” АОНХХ-тэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээтэй 2,8,9,10,12,17,19,21,23,24,27,28 дугаар хорооны “Бизнесийн бүлэг”-үүд оролцсон юм. Уг үзэсгэлэн нь бүлгүүдийг идэвхижүүлэх, хийсэн бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлан таниулах, үйлдвэрийн үнээр иргэдэд борлуулах болон бизнесийн бүлгүүд харилцан туршлага солилцох зэрэг олон талын ач холбогдолтой байснаараа онцлог байлаа.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан “Иргэдийн оролцоо-II” үзэсгэлэнд 70 гаруй үйлдвэрлэгч оролцсон бөгөөд шилдгүүдийг тодруулж Засаг даргын нэрэмжит шагналаар шагнасан юм. Үзэсгэлэнд оролцогчидоос 12 дугаар хорооны “Эко тор” , 21 дүгээр хорооны “Мөнхбаясгалан” бүлгүүд шилдгээр тодорч нэрэмжит шагналын эзэд боллоо.
