Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны захиргаа өнөөдөр хүүхдүүдээ хүлээн авч, баярлууллаа. Баярын арга хэмжээнд тус тосгоны Захирагч Х.Цэдэнбал, ИХ-ын төлөөлөгч Д.Отгонбат, ИНХ-ын дарга Д.Баттулга болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Мөн “Монгол Шилтгээн”-д болсон “Эх дэлхий хүүхэд бидний ирээдүй” арга хэмжээнд тус тосгоны нийт 500 гаруй хүүхэд багачууд оролцов.
Хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд дүүргийн Соёлын ордны дэргэдэх дуу, бүжгийн “Их Монгол” хүүхдийн хамтлаг, дуучин Жи, “Догь залуус”, “Code-26”, “Nexus” зэрэг хамтлаг ая дуугаараа бэлэг барилаа. Түүнчлэн 63 дугаар цэцэрлэгийн авьяаслаг багачууд, 85 дугаар сургуулийн “Мөнгөн шүүдэр”, “Awesome dance crew”, “Бөртэ чонын үрс” зэрэг бүжгийн хамтлаг мэндчилгээ дэвшүүлсэн юм.
“Эх дэлхий хүүхэд бидний ирээдүй” арга хэмжээний үеэр Эхийн алдар одон хүртсэн ээжүүдэд одонг нь гардуулах ёслол мөн болсон. Мөн тосгоны шилдэг сурагчдад болон бүтэн өнчин, амьдралын түвшин доогуур амьдралтай хүүхдүүдэд бэлэг гардуулав. Түүнчлэн хүрэлцэн ирсэн багачуудын дундаас 19 азтанг тодруулж шагнаж урамшуулсан юм.
Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийн баярын арга хэмжээний үеэр гар зургийн болон бүжгийн тэмцээнийг зохион байгуулж шилдгүүдийг тодруулан шагнаж урамшууллаа. Хүүхдүүдийг баярлуулах, тэдэн рүү чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бүх хүүхдийн гэрэл зургийг үнэ төлбөргүй авч өгсөн нь гэнэтийн бэлэгийн нэг байсан юм.
