2014 оны 4 дүгээр сарын 7-11 өдрүүдэд АНУ-ын Нью Йорк хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн ам, хөгжлийн комиссын 47 дахь удаагийн чуулган боллоо. Уг чуулганд Монгол улсаас Эрүүл мэндийн дэд сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Бодлого төлөвлөлт, стратегийн газрын дарга, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга, тус газрын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга болон бусад төрийн болон төрийн бус байгууллагаас төлөөлөгчид оролцлоо. Тус чуулганд улс орнууд
1. хүний эрх, нэр хүнд,
2. эрүүл мэнд
3. газар нутаг шилжилт хөдөлгөөн
4. засаглал ба хариуцлага
гэсэн 4 үндсэн асуудлын хүрээнд мэдээлэл хийлээ. Хэлэлцсэн асуудлын хүрээнд 1994 онд Хүн ам, хөгжлийн олон улсын хурлаас баталсан үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 20 жилийн хугацаанд хэрхэн биелэгдсэн, хүн амын хөгжилд гарсан өөрчлөлт, ахиц дэвшил, тулгарч буй саад бэрхшээл болон 2015 оноос хойших хугацааны НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, дэлхийн хүн ам зүйн чиг хандлагын талаар улс орнууд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Монгол улсыг төлөөлж хүн амын эрүүл мэнд, хөгжил, өсвөр үеийнхний боловсролд чиглэсэн төрийн бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа танилцуулсан байна.
2015-2030 онд дэлхийн хүн ам зүйн чиг хандлагын талаар хурлын тэмдэглэлээс дурдвал: ...НҮБ-аас гаргасан судалгаанаас үзэхэд дэлхийн хүн ам зүйн чиг хандлага нь 2015-2030 онд 1.1 тэрбум хүнээр нэмэгдэнэ, ихэнх бүс нутгуудад хүүхэд залуучуудын өсөлт буурах бол зарим нэг бүсэд өсөх хандлагатай байна. Өсөн нэмэгдэж буй тэр бүс нутагт хүүхдийн эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулалт түлхүү хийх хэрэгтэй. Ажил эрхлэх насны хүн ойролцоогоор 650 сая буюу 14 хувиар нэмэгдэх хандлагатай байна. Уг өсөлтийн дагуу хүн амыг ажилтай байлгахын тулд улс орнууд жилдээ нийт 40 гаруй сая ажлын байрыг шинээр бий болгох шаардлага тулгарч байна.