Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвөөс Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар болон дүүргийн цагдаагийн I, II хэлтэс, Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагатай хамтран“Хүчирхийллийн эсрэг хамтын ажиллагаа” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн дарга Я.Байгалмаа, Баянзүрх дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал хариуцсан орлогч Т.Баясах, Нийслэлийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Ганзориг, цагдаагийн I, II хэлтсийн дарга болон 28 хорооны төлөөлөл болох 130 орчим хүн оролцсон юм.
Уг хэлэлцүүлэг нь гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар иргэд, олон нийтэд нэгдсэн ойлголт, хандлага, мэдлэг төлөвшүүлэх, асуудлыг шийдвэрлэх ур чадварыг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байснаараа онцлог байв.
Түүнчлэн хэлэлцүүлгээр гэр бүлийн хүчирхийлэл гэж юу болох, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, шинэчилэн найруулж буй хуулийн төслийн талаархи мэдээлэл болон Баянзүрх дүүргийн хэмжээнд үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн нөхцөл байдал, цагдаагийн байгууллагын шинэчлэлийн асуудлаархи мэдээллүүдийг өгчээ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд “Хүчирхийллийн эсрэг иргэд олон нийтийн хамтын ажиллагаа” бүсийн хэмжээнээс гарсан санал санаачилгын танилцуулгыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга Д.Эрдэнэтуяа танилцуулсан бол “Асуудлыг шийдвэрлэх чадвартай, аз жаргалтай гэр бүл байхын тулд” лекцийг “Улаанбаатар” их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн багш Н.Нандинцэцэг уншсан юм.
