Хан-Уул дүүргийн удирдлагууд саяхан Бүгд найрамдах Болгар улсын Софи хотод зочлоод ирлээ. Тус хотын Изгрев дүүргийн Засаг даргын урилгаар айлчилсан манай төлөөлөгчид ганзагадүүрэн ирсэн байна. Төв дүүргийн Изгревтэй ах дүүгийн харилцаа тогтоож, санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт дурдсанаар Болгарын Софи хотын Изгрев дүүрэг Монгол улсын Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг харилцан туршлага мэдээлэл солилцон, дүүргийн засаг захиргааны нэгж хооронд болон иргэд, ажил хэрэгч хүмүүсийн үйл ажиллагааг дэмжин тэднийг харилцан холбож ажиллана гэсэн байна. Мөн хот төлөвлөлт, тохижилт, ногоон байгууламж, иргэдийн үйлчилгээний асуудлаар мэдээлэл солилцон шаардлагатай бол төлөөлөгч ажиллуулах тухай ч дурдсан байна. Болгар улс нь хүнсний ногоо тариалах уламжлалт туршлага, технологитой улс бөгөөд Болгарын туршлагыг дүүрэгт нэвтрүүлэх талаар энэ үеэр албаныхан ярилцаж, хамтран байгуулсан санамж бичигт дурдсан аж. Хоёр дүүргийн хамтран ажиллах боломжтой гэж үзсэн салбар бол аялал жуулчлал. Хан-Уул дүүрэг өөрсдийн иргэд, хүүхэд залуучуудыг харилцан хүлээн авах боломжийг судлахаар боллоо. Энэ нь аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны эхлэл болох юм.