Хан-Уул дүүрэг нь Богд Хаан уулын хормой, Хатан туулынхаа хөвөөнд 48500 га нутаг дэвсгэртэй Засаг захиргааны 16 хороотой 35349 өрхтэй 131 мянга гаруй хүн амтайгаар өдрөөс өдөрт өргөжин тэлж барилгажилт, хүн амын механик өсөлт ихээхэн хурдацтай өсөн нэмэгдэж байна. Энэ ч үүднээс төрийн үйлчилгээг иргэддээ түргэн шуурхай нэг цэгээс хүргэхээр Хан-Уул дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”-ыг ашиглалтанд оруулж нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаа өглөө 09:30 цагаас Хан-Уул дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”-нд болж Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг үг хэлснээр нээлтийн үйл ажиллагаа эхэлсэн юм. Гадаад харилцааны сайд Л.Болд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчидөд хандан үг хэллээ. Тууз хайчлах ёслолын үйл ажиллагаанд Гадаад харилцааны сайд Л.Болд, Засаг дарга Ж.Ганхуяг, Нийслэлийн орлогч Ц.Буяндалай, дүүргийн тамгын газрын дарга Л.Үнэнбат болон бусад төлөөлөгчид оролцлоо. Мөн морин хуурын татлага, Иргэдийн төлөөлөгчдийн бага хурлын хуралдааны танхимтай танилцах зэрэг үйл ажиллагаа болсон юм. Иргэдэд үйлчлэх төв байрны барилгын ажлын Захиалагч байгууллагаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, гүйцэтгэгчээр Орчлон Констракшн ХХК шалгарч барилгын ажил 2011 оны 3 дугаар сараас эхлэн 2013 оны 9 дүгээр сард улсын комисс хүлээн авч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн байна. Байрны нийт төсөвт өртөг 5 тэрбум 47 сая төгрөг юм. Иргэдэд үйлчлэх төв байранд одоогоор нийтдээ 20 хэлтэс албадын 224 төрийн албан хаагчид орчин үеийн нөхцөл сайтай ажлын байраар хангагдаад байгаа бөгөөд тус барилга нь нийт 60 өрөө тасалгаатай 4575 м2 ашигтай талбайтай ба өдөрт дунджаар 500-700 гаруй иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй хүргэж ажиллаж байна. Хан-Уул дүүргийн иргэд “Иргэдэд үйлчлэх төв байр”-наас төрийн бүхий л үйлчилгээг нэг дороос сэтгэл хангалуун байгаа юм.
Иргэдэд үйлчлэх төв байрны 1 дүгээр давхарт
Нэг цэгийн үйлчилгээ, Бүртгэлийн хэлтэс
2 дугаар давхарт
ИТХ-ын дарга, ИТХ-ын ажлын алба
3 дугаар давхарт
Засаг дарга
Эдийн засаг, хөрөнгө оруулалт, гэр хорооллын хөгжил, мэдээлэл технологийн асуудал хариуцсан орлогч дарга
Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, халамжийн асуудал хариуцсан орлогч дарга
4 дүгээр давхарт
Засаг даргын Тамгын газрын дарга, Захиргаа, хуулийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Цэргийн штаб
5 дугаар давхарт
Худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба, Өмч газрын харилцааны алба
6 дугаар давхарт
Байгаль орчин, ХАА дэд бүтэц, хот нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч дарга, Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс
7 дугаар давхарт
Мэргэжлийн хяналтын хэлтэс, ЗДТГ-ын хурлын танхим
8 дугаар давхарт
Боловсролын хэлтэс, Статистикийн хэлтэс, Ахмадын хороо, Дотоод аудитын алба, Онцгой байдлын хэлтэс
9 дүгээр давхарт
ИТХ-ын чуулганы танхим Худалдан авах ажиллагааны алба гээд хэлтэс албадууд угтах үйлчилгээ, уулзалтын өрөө, нэг цэгийн үйлчилгээтэйгээр иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байна.