Монгол Улсын нийт хүн амын 10 хувь нь амьдардаг Баянзүрх дүүрэгт 0-4 насны 30 710, 5-9 насны 24 681, 10-14 насны 23 788, 15-19 насны 23 491, нийт 102 670 хүүхэдтэй. Тиймээс анх удаа “Хүүхдэд ээлтэй орчин-Хүүхдийн оролцоо” сэдэвт хүүхдийн анхдугаар чуулганыг Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс санаачлан Дэлхийн зөн ОУБ-ын ивээн тэтгэлгээр зохион байгууллаа.
Чуулганы нээлтэд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа оролцсон бөгөөд хэлсэн үгэндээ, “Дүүргийн хэмжээнд бүтэн өнчин 660, хагас өнчин 3294 хүүхэд байдаг. Тус дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдийн халамж, асрамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус 21 төв хагас, бүтэн өнчин, хараа хяналтгүй 700 гаруй хүүхдийг асран хүмүүжүүлж байна. Үүнээс 30 хувь нь гэртээ буцах боломжтой гэсэн судалгаа байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дуу хоолойг сонсох, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, оролцоог нэмэгдүүлэх зорилготой, ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн дунд тэмцээн уралдаан зохион байгуулж,дүүргийн Хүүхдийн холбооны гишүүдтэй уулзаж, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр тэднээс дэвшүүлсэн санал санаачилгыг 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган ажиллаж байна” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.
Түүнчлэн тус дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Баясах, Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа, дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн дарга Д.Эрдэнэтуяа, Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлалын тэнхимийн багш, доктор Б.Оюун-Эрдэнэ, Б.Нандинцэцэг, Н.Уянга, Д.Мягмарсүрэн, Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ болон албаны бусад хүмүүс тус чуулганд оролцлоо.
Чуулганы үеэр Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн багш нар “Хүүхдэд нөлөөлөх гэр бүлийн орчин түүний өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал”, “Хүүхдэд ээлтэй нийгмийн орчинг бүрдүүлэх арга зам”, “Сургуулийн боловсролын орчинг хүүхдэд ээлтэй болгох нь”, “Оролцоонд тулгуурлаж хүүхдийн хөгжлийг дэмжих арга зүй” сэдвээр илтгэл тавив. Мөн чуулганд оролцож байгаа хүүхдүүдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөмж гаргаж байгаагаараа онцлогтой аж.
