Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 401 дүгээр ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын аварга шалгаруулах спортын тэмцээнд бэлтгэх, удирдлагаас ирсэн бодлого шийдвэрийг биелүүлэх, албан хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, спортын ур чадварыг хөгжүүлэх, тэдний ажиллах идэвх санаачилга, урам зоригийг сэргээх зорилгоор 3 дугаар сарын 03-ны өдөр сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннисний тэмцээнийг зохион явуулжээ.
Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 6 багийн 70 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, авъяас чадвараа сорин уралдсанаас эрэгтэй ангилалын сагсан бөмбөгийн тэмцээний 1 дүгээр байрт харуул хамгаалалтын дэслэгч Д.Буяннэмэх ахлагчтай 2 дугаар баг, удаах байрт харуул хамгаалалтын ахлах дэслэгч Г.Ганхөлөг ахлагчтай 1 дүгээр баг тус тус шалгарчээ.
Эмэгтэй ангилалд харуул хамгаалалтын баг, дэд байрт захиргаа, санхүүгийн баг оржээ. Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй ангилалын 1 дүгээр байрт харуул хамгаалалт, гүйцэтгэх ажлын алба, 2 дугаар байрт захиргаа, санхүүгийн алба, эмэгтэй ангилалд захиргаа, санхүүгийн алба, 2 дугаар байрт дотор, мэдрэлийн тасгийн баг, ширээний теннисний тэмцээний эрэгтэй ангилалын 1 дүгээр байрт биеийн тамирын арга зүйч, ахлах дэслэгч Г.Гансүх, 2 дугаар байрт жолооч Ц.Дэлгэрцогт, эмэгтэй ангилалын 1 дүгээр байрт их эмч, дэслэгч Б.Уранбилэг, 2 дугаар байрт угаагч, ахлах ахлагч Б.Батмөнх нар тус тус шалгарсан байна.