Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь “Албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах” сарын аян өрнүүлжээ. Батлагдсан төлөвлөгөөний дагуу тус аяны хүрээнд дэс дараатай ажлуудыг албаны хэмжээнд зохион байгуулан ажилласан нь үр дүнтэй болсон байна.
Тухайлбал албаны хэмжээнд архи, согтууруулах ундааны хэрэглээгүй хамт олон болох “Уриалга” гарган аймгийн Эрүүл мэндийн газар болон бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Архи, согтууруулах ундааны хор хөнөөл” сэдвээр сургалт, сурталчилгааг зохион байгуулжээ.
Мөн аяны хүрээнд бие бүрэлдэхүүний бие бялдрын түвшин, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны дунд эвсэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор 3 дугаар сарын 01-ний өдөр албаны нийт бие бүрэлдэхүүний дунд “Марш тактик-тусгай бэлтгэл”-ийн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан байна. Тус тэмцээнд ахлах дэслэгч Л.Ариунболд захирагчтай 3 дугаар тасаг тэргүүн байр, дэслэгч Г.Очирбат захирагчтай 1 дүгээр тасаг дэд байрыг эзэлж, тус бүр “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнуулжээ.