ОХУ-ын “Эх орноо хамгаалагчдын өдөр”-ийг тохиолдуулан Монгол улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан орлогч Т.Батцогт, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Цэргийн штабын дарга Ч.Цог болон албаны бусад хүмүүс өнөөдөр ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Дашрамд дурдахад, 1918 онд Герман Зөвлөлт Орос улс руу довтолсон үед Псков, Нарвагийн дэргэдэх тулалдаанд байгуулсан ялалтыг мөнхлөн, жил бүрийн 02 дугаар сарын 23-ны өдрийг “Улаан армийн ялалтын баяр” болгон тэмдэглэж байсан аж. 1991 оноос эхлэн “Эх орноо хамгаалагчдын өдөр” болгон, уламжлан тэмдэглэдэг болжээ. Харин энэ өдрийг Монголын ард түмэн, Зэвсэгт хүчин, Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яам болон оросын байгууллагуудтай хамтран тэмдэглэдэг уламжлалтай билээ.
