Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тэтгэврийн нэмэгдэлд зориулан 2014 онд 89,0 орчим тэрбум төгрөгийг зарцуулах төсвийг Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсөвт тусгасан юм. Төсөвт батлагдсан хөрөнгөд багтаан Нийгмийн даатгалын сангаас олгох болон цэргийн албан хаагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээр Засгийн газраас 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 15 тоот тогтоол гаргалаа. Засгийн газрын тогтоолоор2014 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн 200,0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 27,0 мянган төгрөгөөр, 600,0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22,0 мянган төгрөгөөр, 600,0 мянган төгрөгөөс дээш тэтгэврийн хэмжээг 20,0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 207,3 мянган төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 172,2 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоолоо.
Түүнчлэн Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 16 тоот тогтоолоор нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 103,6 мянган төгрөг байсныг 115,0 мянган төгрөг болгон, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийн хэмжээ 48,0 мянган төгрөг байсныг 52,8 мянган төгрөг болгон тус тус шинэчлэн тогтоож, 2 дугаар сарын 01-ны өдрөөс мөрдөж эхэллээ.