Хууль зүйн яамнаас санаачлан ял эдэлж буй хоригдогсдыг нийгэмшүүлэх ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны номын санд баяжилт хийх, тэдний чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, бие даан мэдлэг, боловсролыг нь дээшлүүлэх зорилгоор “Мир” номын их дэлгүүртэй гэрээ байгуулж, уран зохиол, сэтгэл зүй, шашин, эрүүл мэнд, шинжлэх ухааны 8 төрлийн 974 номыг худалдан авч, төвлөрсөн хорих ангиудад хуваарилав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хоригдогсдод зориулсан номын санд баяжилт хийх үйлчилгээг тогтмолжуулахад хяналт тавьж, нийт 31 хорих анги, шийдвэр гүйцэтгэх албадын хоригдогсдын амьдралын бүс болон сургалтын танхимыг өргөтгөн зохион байгуулж, монгол ёс заншил, ардын аман зохиол, шүлэг, яруу найраг, гадаадын болон монголын зохиолчдын уран зохиолын дээжис, сурах бичиг, хүмүүжигчдийн сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэхүйц 1200-3500 номын баяжилттайгаар ажиллаж байна. Түүнчлэн зарим хорих ангиуд тухайн аймгийнхаа төв номын сантай хамтран ажиллах гэрээ байгуулж нүүдлийн номын сан ажиллуулж байгаа нь хоригдогсдын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, тэдний мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй ажил болж байгаа юм.