Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэс шинэ байртай боллоо. Шинэ байрны нээлтийн ажиллагаанд Хууль зүйн сайд Х.Тэмжүүжин, дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах, II хэлтсийн дарга Л.Ганболд, Захиргаа хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал болон, хойд бүсийн хороодын Засаг дарга нар албаны бусад хүмүүс оролцов.
Шинэ байр гурван давхар, 1488 метр квадрат талбайтай 280 алба хаагчийн багтаамжтай орчин үеийн загвар, стандартаар баригдсан уг барилга хурлын заал, хичээлийн өрөө, цайны газар, алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх фитнесийн өрөө, хувцас солих өрөө, душтэйгээс гадна дөрвөн автомашины гражтай юм байна. Мөн Хууль зүйн яамны санхүүжилтээр тохижуулсан иргэдийн хүлээлгийн том танхимтай хийгджээ.
Дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 699, 700 дугаар тушаалаар захиргаа удирдлагын алба, гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, хэв журам хамгаалах тасаг, ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх ажилтан гэсэн бүтэцтэйгээр, нийт 180 орон тоотойгоор зохион байгуулагдан, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17,18, 19, 20-р хороодыг харьяалан иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байна.