ХЭҮК-оос санаачлан ШШГЕГ-тай хамтран эмэгтэйчүүдийн Хорих 407 дугаар ангийн хүмүүжигчдийг хүүхэдтэй нь уулзуулах зорилгоор “ЭХ ҮРС ХАМТДАА” өдөрлөгийг тус анги дээр 12 дугаар сарын 6-ны өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгийг нээж ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг болон Хууль зүйн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, ШШГЕГ-ын удирдлага оролцож үг хэлсэн юм.
Олон улсын хүний эрхийн өдрийг угтанзохион байгуулсан уг арга хэмжээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран ажиллаж хүүхдүүдэд гарын бэлэг гардуулсан бөгөөд асрамжийн газраас 5, ар гэрээс 4, орон нутгаас 3 хүүхэд ирж ээжтэйгээ уулзаж үнсүүллээ.
Түүнчлэн эмэгтэйчүүдэд шүүхээр ял шийтгэхдээ ард нь үлдэж буй үр хүүхэд, хөгшин настай ээжийг нь, эд хөрөнгийг нь хэн хариуцах, хэн асран халамжлахыг хуульд тодорхой зааж өгөөгүй. Тиймээс хүүхдүүд нь гудамжинд гарч, эсвэл айл айлын хаяа бараадаж, ихэвчлэн асрамжийн газарт очиж байгаад анхаарал хандуулахыг холбогдох албаныхан онцоллоо. Мөн ХЭҮК-оос өдөрлөгт ирүүлэх гээд хайгаад олдоогүй хүүхдүүдийг цаашид эрэн хайх ажлаа үргэлжлүүлэхээр боллоо.