Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж БНСУ-ын Цагаачлалын алба, Прокурорын ерөнхий газрын даргын урилгаар 11 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд тус улсад ажлын айлчлал хийлээ.
БНСУ-ын талаас Цагаачлалын алба, Прокурорын ерөнхий газрын дарга Жон Дун Мин, Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтсийн дарга, Албадан гаргах хэлтсийн дарга, Инчон олон улсын нисэх онгоцны буудлын дарга нар Б.Пүрэвдорж тэргүүтэй албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр талууд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн биелэлт, хоёр талын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Мөн манай талаас Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж буй иргэдээс мөнгөн барьцаа авахыг болиулах, визийн хүсэлтийг 14-21 хоногт шийддэг хугацааг богиносгох, холбогдох ЭСЯ-наас виз авсан иргэдийг зарим тохиолдолд онгоцны буудлаас буцаахыг зогсоох, БНСУ-ын тал виз олгохдоо Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг харгалзан үзэж иргэдэд визийг нааштайгаар шийдэж байх зэрэг асуудлыг тавьж нөгөө тал сайтар судлан ойрын хугацаанд шийдвэрлэн хариу өгөхөөр боллоо.
Түүнчлэн тус улсад ашиглагдаж буй дэвшилтэт технологиуд, цахим бүртгэлийн системийг Монгол Улсад нэвтрүүлэхэд мэргэжилтнүүдийг харилцан туршлага солилцуулж байхаар тогтов.