Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, харъяа хэлтэс, албад, хороодын архив хариуцсан ажилтнуудад өнөөдөр нийслэлийн Архивын газрын Мэдээлэл технологийн тасгийн мэргэжилтнүүд "Захирамжлалын баримтад цахим хувь үйлдэх" ажлын сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад 46 байгууллагын архив хариуцсан ажилтан оролцсон бөгөөд захирамжлалын баримтад цахим хувь үйлдэх ажлын гэрээ байгуулах, Төрийн архивын онлайн программыг байгууллагуудын архивын ажилтны компьютерт суулгах, захирамжлалын цаасан баримтыг сканердаж цахим хувь үйлдэх арга ажиллагааг заасан юм.
Мөн цахим баримтаас программд агуулга тодорхойлон шивэх арга, ажиллагаа, тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын захирамжлалын баримтад цахим хувь үйлдэж буй ажлын туршлагаас мэдээлжээ.Түүнчлэн сургалтад хамрагдсан ажилтнуудыг гарын авлага, сурах бичгээр хангасан бөгөөд төрийн архивт нөхөн бүрдүүлэлт хийсэн байгууллагуудын цахим хувийг хүлээлгэн өгөх зэрэг хичээлийг заасан аж.
Энэ удаагийн сургалтын зорилго нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн харьяа байгууллагууд, Улаанбаатар хотын захирагчийн харьяа байгууллагуудын архивт хадгалагдаж байгаа захирамжлалын баримт бичгүүдэд цахим хувь үйлдэх замаар эх баримтыг ашиглалтаас чөлөөлж, баримтын хадгалалт хамгаалалтын нөхцлийг хангах, улмаар Төрийн архивын сан хөмрөгийн талаархи мэдээлэл-лавлагааг онлайн хэлбэрээр авах нөхцлийг хангахад оршиж байгаа юм байна.
