Хүүхэд өсвөр үеийнхний дуу хоолойг сонсон, тэдний хүсэл мөрөөдөл, тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх, зорилго бүхий хүүхдийн чуулган Баянхонгор аймгийн төвд болж сум, сургуулийнхаа чуулганаас сонгогдон ирсэн 20 сумын төлөөлөгчид оролцлоо.
Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, Засаг дарга Д.Жаргалсайхан чуулганы нээлтэнд оролцон үг хэлж, Хонгор нутгийн ирээдүйг гардан байгуулах их оюун, хүч, нөөц бол та нар гэдгийг дурдан, шинэ Засгийн газраас хүүхэд залуусын талаар авч хэрэгжүүлж байгаа олон бүтээн байгуулалт, оюуны хөрөнгө оруулалтын талаар тэдэнд мэдээлж, хүүхдээ сонсож, хамтран ажиллахыг уриаллаа.
Төлөөлөгч хүүхдүүд гэр бүл, сургууль, хамт олон, үе тэнгийнхнийхээ аж байдал, хөгжил оролцоо, хамгаалал, хүүхдийн хүсэл сонирхолдоо суурилан байгуулсан өөрийн удирдлагын байгууллага түүний үйл ажиллагаа, ололт амжилт, тулгамдаж байгаа асуудлууд, үеийн найзуудынхаа эрүүл мэнд, ёс зүй, гоо сайхан, хичээл сурлагын талаар ярилцаж, хэлэлцэж, илтгэж туршлагаа солилцлоо. Төлөөлөгчид чуулганаас гарсан уриалгыг аймаг, сумын Засаг дарга нарт хүргэжээ гэж ХТҮГ-ын ОНХХ-ээс мэдээллээ.