Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шинэчлэлийн салхи сэвэлзэж эхэлснээс хойш шинэ соргог ажлууд үе шатлалтайгаар хийгдэж эхэлжээ. Өөдлөх айлын өнгө үүднээсээ гэдэг шиг өнөөдөр тус байгууллагаар овоглож үйл ажиллагаагаа явуулдаг хорих ангиудад бүтээн байгуулалт ид өрнөж байна. Үүний тод жишээг хорих ангиудын жишгээс харж болох юм. Эмэгтэйчүүдийн Хорих 407 дугаар ангид ял эдэлж буй хүмүүжигчид хөдөлмөр эрхэлж, оёдол, гар урлалаараа зах зээлд хөлөө олж эхэлсэн. Мөн Амгаланд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв ажиллаж хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлүүлэхэд томоохон хувь нэмрийг оруулж байна. Ийм л бүтээн байгуулалтын эрч хүч энд буй.
Хорих ангийн үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалтыг иргэд тэр бүр мэддэггүй, мэдсэн ч цэрвэж цээрлэх нь бий. Тэгвэл нийгмээс тусгаарлагдсан тэр хүмүүсийн амьдрах орчин ямар байдгийг залуу үеийн төлөөлөл болсон оюутнуудад танилцуулах “аялал”-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхан зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн ангийн 3-4 курсийн 30 оюутан хамрагдсан юм. Эрх зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудыг сонгосон нь учиртай аж. Яагаад гэвэл тэд сургуулиа төгсөөд шүүгч, прокурор, өмгөөлөгч гээд хуулийн салбарт ажлын талбарт гарах учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хорих ангиудын орчин нөхцөлийг нээлттэйгээр танилцуулж, оюутнуудад зохих мэдлэг олгохыг зорьсон нь энэ юм.
Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хүний нөөц, Сургалтын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Гантөмөр ийн ярив. Тэрбээр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ил тод болгох зорилт тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд боловсон хүчнээ хэрхэн бэлтгэж байна вэ гэдэг үүднээс МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнуудыг сонгосон байгаа. Нэгдүгээрт эдгээр оюутнууд цаашдаа эрх зүйч болно. Хоёрт гэвэл тэд нийгмийн идэвхтэй бүлэг. Тэгэхээр энэ зорилтод бүлэгт ШШГЕГ-ын үйл ажиллагааг танилцуулах бодлого барьсан. Манайх Хууль сахиулахын их сургуулиас боловсон хүчнээ бэлтгэдэг. Дээр нь нэмээд бусад их, дээд сургуулиас ирж ажилладаг. Бид судалгаа хийж үзэхэд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн хүмүүс манайд ажиллах нь цөөхөн. Тэднийг судлахаар хуулийн салбарын гол байгууллагад шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажилласан байдаг. Тийм учраас энэ хүмүүс манай байгууллагатай хамтарч ажиллана, мөн нийгмийн идэвхтэй гол хүмүүс учраас энэ чиглэлээр сурдаг оюутнуудыг сонгож тодорхой ангиудтай танилцуулж байна” гэлээ.
Мэдлэг олгох аян хэрхэн өрнөснийг дараах сурвалжлагаар хүргэе. Оюутнууд ШШГЕГ-ын харьяа Хорих 407, 421, Амгалан дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”, “Хэрэмт цамхаг” улсын төсөвт үйлдвэрийн газартай танилцах удирдамжийн дагуу хөдөлсөн. Тэдний эхний зогсоол бол Эмэгтэйчүүдийн Хорих 407 дугаар анги байлаа. Хорих анги л гэж сонссоноос юу байдгийг нь мэдэхгүй тэдний хувьд оньсого мэт орчин байсан нь дамжиггүй. Хорих ангийн хашаагаар ормогц жижүүр хянаж ингэж ч болохгүй, тэгж ч болохгүй гэх шаардлага тавьсан нь оюутнуудад соньхон. Тэр ч байтугай хорих анги руу нэвтрэхдээ гар утас, цүнхээ үлдээхийг шаардахад гайхах нэгэн ч байв. Арга ч үгүй биз. Хорих анги гэдэг хэн дуртай нэгний сэлгүүцээд байдаг орчин биш учраас. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрсөн оюутнууд автобусандаа эд зүйлсээ үлдээж, хоёр хэсэгт хуваагдан ангийн үйл ажиллагаатай танилцахаар хашаа руу алхав.
Биднийг эмэгтэйчүүдийн Хорих ангийн дарга, дэд хурандаа О.Хадбаатар угтан авч, зарим нэг хориотой зүйлсийг танилцуулж ангийнхаа үйл ажиллагаатай танилцахыг зөвшөөрсөн юм. Ингэснээр бид тус анги руу нэвтрэх эрх “авлаа”. Энд бол хууль, дүрэм чанга. Аль ч шатны албан тушаалтан хэнбугай ч бай хорих ангийн журамд захирагдах учиртай. Ийн оюутнууд нэвтэрлээ.
Эмэгтэйчүүдийн хориход жирийн болон чанга дэглэмтэй ял эдэлж буй хүмүүс бий. Тэдний амьдралын хэвшил энгийн мөртлөө эцэс төгсгөлгүй хөдөлмөрийн талбарт өнгөрнө. Хорихын хашаанд оёдлын үйлдвэр нь байрладаг болохоор хуваарийн дагуу тэнд ажилладаг байна. Хүмүүжигчдэд хөдөлмөрлөх нөхцлийг нь бүрдүүлж өгсөн учраас энд гар хумхин суух нэг ч хүн байхгүй. Тэд өдөр бүр өөрсдийн хийх ёстой ажлаа л хийнэ. Мөн завсар чөлөөгөөр нь өөрсдийгөө хөгжүүлэх ажилд цагаа зарцуулдаг болохыг албаныхан дуулгалаа. Тус ангийн оёдлын үйлдвэр өнгөрсөн долдугаар сард ашиглалтад орж тэднийг ажлын байраар хангасан. Ингэснээр хүмүүжигчид хөдөлмөрлөж бусдад учруулсан хохирлоо барагдуулах боломжтой юм. Оюутнуудын анхаарлыг татаж байсан зүйл бол хүмүүжигчдийн амьдрах орчин байлаа. Тэд хүмүүжигчдийн амьдралын бүсэд орж үзсэнээр нэгийг бодож, хоёрыг тунгаасан биз ээ. Тархиндаа байсан төсөөллөө таягдан хаясан тэд нүдээрээ харсан зүйлдээ л итгэхээс өөр аргагүй болсон байх. Өмнө нь өөрсдөө ч хараагүй болохоор бусдын амнаас янз бүрийн мэдээлэл авч өнгөцхөн ойлголттой байсан тэд өөр бодолтой боллоо.
Хөдөлмөрийн насны залуус гэмт хэрэг үйлдэх нь ихэсчээ
Хүн л болсон хойно алдаж, эндэнэ. Аавын хүү алгатай, цоогтой ч гэдэг. Ийм л тавилан эрэгтэйчүүдийн гэх тодотголтой Хорих 421 дүгээр ангийн хүмүүжигчдэд тохиож. Алдаж, оносон тэдний амьдралын хэмнэл бусдын эрхшээлд байдаг ч ажиллах, хөдөлмөрлөх эрх нь тэдний гарт л бий. Оюутнуудын дараагийн очих газар нь Хорих 421 дүгээр анги. Энэ хорих анги бусдаасаа онцлог. Хүмүүжигчид нэг өрөөндөө 7-8 уулаа амьдардаг. Мөн Хятад, Тува, Солонгос, Украйн гэх улсын дөрвөн хоригдол тус ангид хүмүүжиж байгааг ч онцолсон. Нийтдээ 400 гаруй хоригдлууд байгааг Хорих ангийн дэд дарга нь танилцуулсан юм. Мөн жил бүр ангиа засаж тохижуулдгаа ч хэлж байлаа. Энэ бүгдийг тэд өөрсдийн хүч бололцоогоор хийж амжуулдаг аж. Хүмүүжигчид сэтгэл заслын сургалтад хамрагдахаас гадна өөрсдийн хувцасны уранхай цоорхойг нөхөх жижиг оёдлын үйлдвэртэй юм билээ. Тус өрөөнд гурван хүн ажилладаг. Ихэнх хүмүүсийн дийлэнх нь танхайн хэргээр шийтгэгдэж ирсэн хүмүүжигчид байдаг гэнэ. Гэхдээ тэд бүгд ид хийж бүтээх хөдөлмөрийн насны залуучууд байсан нь сэтгэл түгшээснийг нуух юун. Хорих 421 дүгээр ангийн хашаанд “Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв” гэж бий. Энэ төвийн сургалтад хүмүүжигчид хамрагдаж улмаар барилга, сантехник, гагнуур, засал чимэглэл, оёдол эсгүүр, өрөг угсрагч алт мөнгөний дархан, бетон арматур зэргээр мэргэшсэн ажилтан болж төгсдөг. Ингэснээр хүмүүжигчид хугацаа нь дуусаж суллагдлаа гэхэд ажлын байртай, санаа зовохгүй амьдрах таатай нөхцлөөр хангагддаг байна. Үүнд хүмүүжигчид төдийгүй тэдний ар гэрийнхэн нь баяртай байдгаа ангийн удирдлага, алба хаагчдад хэлдэг байна. Мөн өнөөдрийн байдлаар тус төвөөс 100 хүмүүжигч мэргэжлийн үнэмлэхээ гардаж аваад байгааг хэлж байлаа.
Хорих ангийн талаар сөрөг мэдээлэлтэй хүмүүс байдаг
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнуудаас сэтгэгдлийг нь сонслоо.
П.Энх-Амар (III курс)
-Эрх зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудад хорих ангиудтай танилцах боломж олджээ. Сэтгэгдэл ямар байна. Хорих ангийн орчин нөхцлийг ямараар төсөөлж байсан бэ?
-Хорих ангиудыг кинон дээр гардаг шиг төсөөлдөг байсан. Гэтэл бодит байдал тэс өөр юм. Хамгийн гол нь энэ хүмүүсийн ажлын байраар хангаж тэдэнд бусдад учруулсан хохирлоо төлөх боломжийг мөн ар гэртээ мөнгөө зарцуулах боломжийг олгож байгаа нь их зөв санагдлаа. Өнөөдөр Хорих ангийн буруу ойлголттой хүмүүс нийгэмд зөндөө байдаг. Гэвч тийм биш юм байна.
-Хорих ангиудтай танилцана гэхээр айдастай байсан уу. Гэтэл орчинд нь орохоор ямар байв?
-Айдастай байсан. Хүмүүсээс сонсож байхад нүүр рүү нь харж болдоггүй юм шүү. Хүний нүд гэдэг хамгийн их юмыг илтгэдэг гэсэн. Гэтэл дотроо дүгнэлт хийгээд явахад залуус хоригдож байхыг хараад сэтгэл эмзэглэлээ.
Эдгээр хүмүүс нийгэмд ижил тэгш амьдрах эрхтэй
А.Ганзориг (IV курс)
-Эрх зүйч болох гэж байгаагийн хувьд Хорих ангийн тухай чиний анхны төсөөлөл ямар байв?
-Анхны төсөөлөл хүндхэн байсан. Өргөст торны цаана гэр бүлээсээ хол, нийгмээс тусгаарлагдсан аавын хүүхдүүд яаж амьдарч байгааг харлаа. Хорих 421 дүгээр ангийн нөхцөл байдлыг харахад хүмүүжигчдийг аль болох нийгэмшүүлэх, ажлын байраар хангах, дахин гэмт хэрэгт холбогдуулахгүй байх чиг үүргээр ажилладгийг мэдэж авлаа. Монголдоо ганц жишиг хорих анги гэж ярьж байна. Дотроо блок, гар урлалын үйлдвэртэй юм байна. Эмэгтэйчүүдийн хорих ангийн хувьд тэнд ойролцоогоор 300 орчим хоригдол байгаа гэх мэдээллийг өгсөн. Эмэгтэйчүүд байгаа гэдэг утгаар нь эрэгтэйчүүдийн хорих ангитай харьцуулахад илүү хангамж сайтай юм шиг санагдлаа. Мөн жирийн дэглэмтэй хорих ангид залуучууд маш их хоригдож байгаа нь харамсалтай байна. Тэгэхээр залуучуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг идэвхжүүлэх нь зайлшгүй юм гэж бодогдлоо.
-Чи өмнө нь ингэж танилцах арга хэмжээнд оролцож байсан уу?
-Миний хувьд бол анх удаагийнх. Онол, практик хоёрыг харьцуулаад байх боломжгүй. Энэ удаад бол практик төвшинд хууль ямар хэрэгжилттэй байна гэдгийг ойлголоо. Хүн болгон тэгш эрхтэй. Алдсан байж болно. Түүнийг нь хуулийн байгууллага тогтоож эдлэх ёстой ялыг нь эдлүүлнэ. Эдгээр хүмүүс нийгэмд гарахад ижил тэгш амьдрах эрхтэй. Тэднийг ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхах ёсгүй.