Польш улсын Плоцк хотын захирагч Андрзеж Нобаковскийн урилгаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Тамгын газрын дарга Б.Амартүвшин нар албаны бусад хүмүүсийн хамтаар энэ сарын 20-24-нд ажлын айлчлал хийж байгаа. Уг айлчлалын хүрээнд Польш улсын Плоцк хот, Монгол Улсын Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг хоорондын нөхөрсөг харилцаа байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Плоцк хотын захирагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нар нь хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар хот, дүүргийн иргэдийн харилцан эрх тэгш байдал, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, биеийн тамир, боловсрол, нийгмийн халамж, солилцооны хөтөлбөр, аялал жуулчлалын үйлчилгээг дэмжин хөгжүүлэх, туршлага солилцох зэргээр цаашид хамтран ажиллах боломж бололцоо нээгдэж байгаагаараа давуу талтай аж.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, “манай хоёр орны олон жилийн хамтын найрсаг харилцаа Плоцк хот, Баянзүрх дүүргийн хөгжлийн хамтын ажиллагааны эхлэл болж байгаад баяртай байна. Хоёр орны орон нутгийн хамтын ажиллагаанд Монгол Улсын иргэн Д.Энхбаатар ихээхэн үүрэг хүлээснийг дурдах нь зүйтэй. Учир нь Д.Энхбаатарын үндэслэн байгуулсан Плоцк хотын “Мон-Пол” сагсан бөмбөгийн баг хоёр улсын орон нутгийн хамтын ажиллагааны хөгжлийн эхлэл төдийгүй үргэлжлэл байна гэдэгт итгэж байна” хэмээн уулзалтын үеэр хэлсэн үгэндээ онцолсон байна.
