Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Ахмадын зөвлөлөөс үзүүлэх сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уг үзүүлэх сургалтын нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Ахмадын хорооны дарга Р.Банзрагч, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн дарга Д.Эрдэнэтуяа, дүүргийн Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн, 12 дугаар хорооны Засаг дарга Н.Мөнхтуяа болон албаны бусад хүмүүс оролцлоо.
12 дугаар хорооны Ахмадын зөвлөл нь өнгөрсөн нэгдүгээр сард анх байгуулагдсан бөгөөд өдгөө Нийслэлийн ахмадын шилдэг зөвлөл болоод байгаа юм байна. Мөн ахмадын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрөөх зорилгоор бялдаржуулах, чийрэгжүүлэлтийн танхимтай болж, бүрэн тохижуулжээ. Гүйлтийн зам, дугуй, ширээний теннис гээд 12 нэр төрлийн спортын тоног төхөөрөмжтөй аж.
Мөн тус хороонд 980 ахмадтай бөгөөд Ахмадын зөвлөлийн дэргэд урлагийн “Уянга” , Цэнгээнт бүжгийн “Нахиа” хамтлагтай хэмээн тус Ахмадын зөвлөлийн дарга Л.Орсоо онцолж байсан юм. Энэ удаагийн үзүүлэх сургалтаар бусад хороодын Ахмадын зөвлөлийн дарга нартайгаа уулзаж, туршлага солилцсоноороо онцлогтой байлаа. Дашрамд сонирхуулахад, үзүүлэх сургалтад ирсэн зочдод 12 дугаар хорооны авьяаслаг ахмадууд урлагийн тоглолтоор бэлэг барьсан юм.
