Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, Гал унтраах 63 дугаар ангийн аврагчид өчигдөр 21 иргэнийг галын аюулаас аварчээ. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр, энэ сарын 18-ны өдрийн 02:11 цагт тус дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын хоёр тоотод байрлах 10 айлын 10*8 метрийн хэмжээтэй нийтийн байранд гал гарлаа гэх дуудлагыг иргэн Ж.Баярмаа өгсөн аж.
Дуудлагын дагуу 63 дугаар ангийн салааны захирагч, онцгой байдлын дэслэгч Б.Өлзийсайханаар ахлуулсан хоёр дугаар салаа очиж ажиллажээ. Тус байрны коридор, лампиран тааз болон цахилгааны утас шатаж байсныг аврагчид 45 минут ажиллаж унтраассан байна.
Аврагчид шатаж байсан байрнаас10 айлын 21 иргэнийг гаргаж амь насыг нь аварчээ. Одоогоор НОБГ-ын жижүүрийн байцаагч, дэд хурандаа Д.Ганболд, Дүүргийн цагдаагийн I хэлтсийн цагдаагийн дэслэгч Ц.Отгоннямаар ахлуулсан бүрэлдэхүүн галын шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна.
