НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны ерөнхий шүүмжлэлд олон улсын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудлаар Монгол улсын байр суурийг илэрхийлж Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч үг хэлэв.
Тэрээр зэвсэг хураах, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд сүүлийн жилүүдэд гарч буй зарим нааштай алхамыг сайшааж, өнгөрсөн 9 дүгээр сарын 26-нд болсон Цөмийн зэвсгийг хураах асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний уулзалт, Зэвсэг хураах бага хурлын үйл ажиллагааг зогсонги байдлаас гаргах, цөмийн болон үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, хорогдуулах, бүрмөсөн устгах зэрэг асуудалд Монгол Улс онцгой ач холбогдол өгч байгааг нотлов.
Түүнчлэн Зэвсгийн худалдааны Гэрээг өнгөрсөн 4 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталж чадсан нь зэвсэг хураах, зэвсгийн хяналтыг бэхжүүлэх чиглэлээрх олон улсын хүч чармайлтын томоохон нэг амжилт юм гэдгийг онцолж, уг Гэрээнд гарын үсэг зурсан 113 улсын эгнээнд Монгол улс нэгдэж, өнгөрсөн 9 дүгээр сарын 24-нд гарын үсэг зурсаныг мэдэгдлээ.