Нийслэлийн Баянзүрх дүүрэг энэ 10 дугаар сарыг эрүүл, амгалан сар болгон зарлаж, ”Эрүүл амгалан хороо” аяныг эхлүүлээд байгаа юм. Аяны хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс хамтран “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Тамхины хяналтын тухай” зэрэг хуулийн хэрэгжилтийг хангуулах, олон нийтэд сурталчлан таниулж, эрүүл зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилго тавин ажиллаж эхлээд байна.
Дүүргийн нутаг дэвсгэрт баар цэнгээний газар ихээр төвлөрсөн 3,4,7 дугаар хороодод “Эрүүл амгалан хороо” аяныг эхний ээлжинд эхлүүлээд байгаа аж. Аяны хүрээнд 38 аж ахуй нэгжийн удирдлагуудад “Хүнсний тухай”, “Тамхины хяналтын тухай” хуулиуд болон “Хүнсний бүтээгдэхүүний бохирдол, тэдгээрээс урьдчилан сэргийлэх”, “Байгууллагын дотоод хяналтыг хэрхэн сайжруулах”, “Хоолны газрын ангилал, зэрэглэл үндсэн шаардлага MNS4946:2005” стандартыг мөрдөх тухай сургалтыг зохион байгууллаа.
