Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 тоот зарлигын дагуу жил бүрийн 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтийн Номын баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан Насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр ангийн дэргэдэх 110 дугаар бүрэн дунд сургууль 09 дүгээр сарын 21-ний өдөр номын баярыг зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан референт н.Баттогтох, ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, Хүүхдийн номын ордны явуулын номын сангийн эрхлэгч Б.Баярмаа нар номын баярт оролцож, хүмүүжигч хүүхдүүдэд урмын үг хайрлаж, богцтой номоо тараасан юм. Мөн Хүүхдийн ордны авьяаслаг охид урлагийн тоглолтоороо бэлэг барьсан. Номын сангийн үнэнч үйлчлүүлэгч шилдэг уншигчаа шалгаруулж, 110 дугаар сургуулийн сурагч Б.Оргилбаяр, Ч.Мөнхбаатар нар тэргүүний уншигч Нацагдорж тэмдэгтэн болж энгэрээ мялаалаа. Ирсэн зочид төлөөлөгчидөд ШШГЕГ-ын “Соёмбо” чуулгын дуучин СТА Э.Болормаа, морин хуурч СТА Б.Зоригоо болон хүмүүжигч сурагчид өөрсдийн бэлдсэн урлагын тоглолтоо сонирхуулж, сургуулийн үйл ажиллагаа, номын сан, хүүхдүүдийн зураг, шүлгийн үзэсгэлэнг танилцуулж, явуулын номын сангийн ном солилцоо, ном засаж сэлбэх ажлыг зохион байгуулсанаар энэ өдрийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.