Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу өнөөдөр “Эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэн” шалгаруулах ажлын хэсгийн гишүүд уг шалгаруулалтад тэнцсэн айл өрх, иргэдийн ажил, амьдралтай танилцав. Ажлын хэсгийн гишүүд иргэдийн амьдардаг гэр, байр сууц, ажлын байранд газар дээр нь очиж танилцан, тэдэнтэй ярилцлага хийлээ.
2003 оноос уламжлал болон зохиогдож ирсэн эл арга хэмжээнд нийт 14 өрх, иргэн дараагийн шатны сонгон шалгаруулалтад тэнцээд байгаа юм. Энэхүү шалгаруулалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулдаг бөгөөд дүүргийн хэмжээнд 1-р шатны шалгаруулалтыг зохион байгуулж, шалгарсан өрх, иргэдийн ирүүлсэн үндсэн материалд 2-р шатны үнэлгээ хийж эцсийн шалгаруулалтыг хийдэг аж.
Эрүүл мэндийг дээдлэгч иргэнийг шалгаруулахдаа гэр бүл төлөвлөлт, эрүүл аж төрөх зан үйлийг амьдралдаа хэрэгжүүлж хэвшүүлсэн, эрүүл мэндийн мэдлэгээ бусадтай хуваалцдаг, эрүүл мэндийн чиглэлээр нийгэм хамт олонд дорвитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн, аливаа хорт зуршлаас ангид байдаг, эрүүл хооллолт идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэдэг гэхчилэн гурван бүлэг 15 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг юм байна.
