Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас нийслэлийн есөн дүүрэгт хүүхэд хамгааллын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор дүүргүүдийн удирдах болон нийгмийн ажилтнуудын чадавх бэхжүүлэх сургалтыг хийж байгаа билээ. Уг сургалтыг өнөөдөр Баянзүрх дүүргийн удирдах ажилтнууд, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, хорооны нийгмийн ажилтнууд болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудын дунд зохион байгуулсан юм.
Уг сургалтын гол зорилго нь хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын чиглэлээрх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, арга зүй эзэмшүүлэх, ажлын уялдаа холбоог сайжуулахад оршиж байгаа аж. Харин сургалтад хамрагдагсад хүүхдэд ээлтэй хот үнэлгээний аргачлал, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга зүйн талаархи мэдлэг, мэдээлэлтэй боллоо.
Харин сургалтыг зохион байгуулагчид дүүргийн удирдах болон нийгмийн ажилтнуудыг сургалтад хамруулснаар хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжил, хүүхдийн эрхийн баримт бичгүүд болоод Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын үйл ажиллагааны чиглэлийн талаар ойлголттой болно хэмээн үзсэн юм.
