Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба өнгөрсөн зургадугаар сарын 03-ны өдрөөс эхлэн “Эрүүл аюулгүй хот” аянг эхлүүлсэн билээ. Тус аяны шилжин явах туг өнөөдөр Сүхбаатар дүүргээс Баянзүрх дүүрэгт шилжсэн юм. Аяны нэрэмжит шилжин явах туг, гэрэл зургийн цомгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Халиунаа, Мэргэжлийн хяналтын хэлтсийн ахлах Ц.Цэрмаа, Цагдаагийн I хэлтсийн Хэв журмын тасгийн дарга, ахлах дэслэгч Б.Мөнхбат, Цагдаагийн II хэлтсийн дэслэгч Э.Халиун нарын албаны хүмүүс хүлээн авлаа.
“Эрүүл аюулгүй хот” аян Баянзүрх дүүрэгт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд иргэдийн амгалан тайван байдлыг хангах, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс олон арга хэмжээг зохион явуулахаар төлөвлөөд байгаа юм. Тухайлбал, архи тамхины хэрэглээг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг эхлүүлэхээр болсон байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний соёл, стандартыг хангах, эрүүл зөв амьдралын хэв загварыг нийтэд сурталчлан таниулж ажиллах аж.
