Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарганийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, ил задгай худалдааг зогсоохзахирамжийг гаргасан. Эл захирамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй газар жимс, хуушуур борлуулж байгаа зөрчлийг арилгах ажлын хэсэг гурван өдөр шалгалт хийлээ.
Шалгалтыг дүүргийн Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс болон Цагдаагийн I, II хэлтэс, Замын цагдаагийн тасаг хамтран хийсэн юм. Шалгалтын явцад зөвшөөрөлгүй ил задгай худалдаа буюу жимс жимсгэнэ, шорлог, хуушуур борлуулж байгаа цэгүүдийг хамруулж холбогдох арга хэмжээг авч, хууль дүрмийг сахиулан ажилласан байна.
Уг шалгалтын гол зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй үйл ажиллагаа явуулж, нийтийн эзэмшлийн зам даргуу ил задгай гар дээрээс жимс, хуушуур зарж борлуулж байгаа зөрчлийг арилгах, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэхэд оршино. Мөн хоол, хүнсээр дамжин хүн амын дунд хоолны хордлого, хордлогот халдвар тархахаас сэргийлэх, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах явдал юм.
Дүүргийн Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ил задгай орчинд худалдаалагдаж байгаа хуушуур, хоол хүнс болон эрүүл ахуйн бичиггүй жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.
