Шинэчлэлийн засгийн газар, хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд Хууль зүйн яамнаас Хуульчдын өдрийг тохиолдуулан тус яамны харьяа агентлагууд 6 дугаар 28-ны өдөр ХЗҮХ-ийн гадна талбайд олон нийтийн нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
Мөн энэ өдрийг тохиолдуулан Монголын гурван үеийн хуульчид цуглан хуульчдын өнөөгийн нийгмийн үүрэг, тавигдаж буй шаардлага, үнэлгээ, нэр хүнд, бахархал болон шинэ ёс зүйн талаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд ярилцаж санал бодлоо солилцсон хүндэтгэлийн арга хэмжээ ХЗҮХ-ийн Хуульчдын танхимд болсон юм.
Хуульчдын өдрийн арга хэмжээг Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нээж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гурван үеийн төлөөлөл хуульчдад баяр хүргэж үг хэлсэн юм.
Гадаах өдөрлөгийн арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагчид иргэдэд шинэ хорих ангийн барилгын ажлын явц, Цагдан хорих байр, хорих ангийн үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулж хүмүүжигчийн хөдөлмөр эрхлэлт, өр төлбөргүйн лавлагааг газар дээр нь гаргаж шуурхай ажиллалаа. Өдөрлөгөөр 8 хувийн орон сууцны зээлд шаардагдах өр төлбөргүйн лавлагааг 300 гаруй иргэдэд гаргаж өгч үйлчиллээ.