Дархан сумын 4 дүгээр багт орших Хуучин Прокурорын барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар засварын ажил эхлээд байна. Уг барилга нь ОХУ-ын өмч бөгөөд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны холбогдох албаныхантай хэлэлцэж барилгыг 2-3 жил түрээсээр ашиглах, цаашид Орон нутгийн өмчид шилжүүлэн авах шийдвэр гаргуулжээ.
Ийнхүү тохиролцоонд хүрч цэцэрлэгийн зориулалтаар ашигласнаар 4, 5, 8, Өргөө багийн 230-250 хүүхдийг СӨБ-д хамруулах төдийгүй 20 гаруй ажлын байр нэмэгдэх талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн ажлын албаны дарга Г.Батбаяр хэлж байна.
Хуучин Прокурорын энэхүү барилга нь ашиглагдаагүй олон жил болсон учраас тоногдож, балгас болсныг Улсын төсвийн 419 сая төгрөгөөр цэцэрлэгийн зориулалтаар сэргээн засах ажлыг “Тотал импекс” ХХК гүйцэтгэж байна.
Гүйцэтгэгч байгууллагын зүгээс энэ оны 12 дугаар сарын 15-ны өдөр улсын комиссод хүлээлгэж өгнө гэлээ.
2016-2019 оны хооронд УИХ-ын 43 дугаар тойрог буюу Дархан сумын 4-9 дүгээр багт дөрвөн цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ.
Мөн дээрх барилгын засвараас гадна 3, 6 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил хийгдэж байна. Эдгээр гурван цэцэрлэгийн барилга 2020 оны 1 дүгээр сард ашиглалтад бүрэн орж, хүүхдүүдээ хүлээн авах юм.
Түүнчлэн 2020 онд Өргөө багт нэг цэцэрлэгийн барилгыг барихаар төлөвлөж байна.
М.ГҮНЖИЛХАМ