Шинэчлэгдэн зохион байгуулагдсан Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн өдрийн ангийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажил-эрх зүйч мэргэжлээр энэ жил 40 сонсогч төгслөө.
Шинээр төгсөгчдийг 6 дугаар сарын 18-ны өдөр ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга хурандаа Б.Сэр-Од, Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга дэд хурандаа С.Зул-Очир нар хүлээн авч томилогдсон тушаалыг танилцуулж мэдээлэл хийсэн юм.
Захиргааны удирдлагын газрын дарга хурандаа Б.Сэр-Од хэлсэн үгэндээ: Эзэн хичээвэл заяа хичээнэ. Та нарын дундаас ирээдүйн хурандаа, генералууд төрөн гарах болно. ШШГЕГ-ын түүхэнд байгаагүй шижигнэсэн 40 залуус албандаа томилогдож байгаад бид баяртай байна. Та бүхэн Шинэчлэлийн засгийн газрын хүрээнд хийгдэж буй эрх зүйн шинэтгэлийн үед энэ байгууллагын босгыг алхсан хууль сахиулагчид. Шинийг санаачилж, зөвийг эрэлхийлж, өргөсөн тангарагтаа үнэнч шударга сайн ажиллахыг хүсье гэсэн юм.
Шинэ төгсөгчид ШШГБ-ын харьяа хот, орон нутгийн анги, албадуудад ээлжийн дарга, ерөнхий жижүүр, гадна харуул, хамгаалалтын офицер, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчээр томилогдлоо.